Мэдээ уншиж байна...

Админ 2024/12/09 (0) (9)

“Наранбулаг трейд” компанийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Наранбулаг трейд” компанийн барьж буй 16 давхар 152 айлын орон сууцны барилгын талбайд нийслэлийн Хяналт шалгалтын газраас албан даалгавар хүргүүлэхээр ажиллалаа.

Тухайн барилга нь газрын маргааны асуудлаас болж холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрлөө цуцлуулсан боловч үйл ажиллагаа явуулж байсан юм. Тиймээс барилга угсралтын ажлыг зогсоолоо.

Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр ““Наранбулаг трейд” компани нь анх нийслэлийн Ерөнхий архитектораас барилгын ажлын даалгавар аваад зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл иргэн н.Бат-Эрдэнэтэй газрын маргааны асуудлаас болж тохиролцоонд хүрээгүйн улмаас зөвшөөрлөө цуцлуулсан. Маргааныг шийдэгдэх хүртэл Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл олгохгүй гэсэн нөхцөл байдалтай байна. Иргэн н.Бат-Эрдэнийн гомдол болон Хот байгуулалт, Хотын стандартын газрын ирүүлсэн хүсэлтийн дагуу зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил явагдсан гэх асуудлаар хяналт шалгалт үргэлжилж байна.

Өнөөдөр тухайн компанийн барилга гадна фасад хүртэл баригдсан байна. НХШГ-ын зүгээс газрын асуудал дээр холбогдох шүүхийн шийдвэр гарч, хот байгуулалтын газартай асуудлаа шийдвэрлэх хүртэл хугацаанд барилгын ажлыг хориглолоо. Мөн барилгын орчинд иргэдийн болон ажилчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн холбогдох шийдвэрийг улсын байцаагч гаргаж байна” гэлээ.

Тухайн барилга дээр орчны аюулгүй байдал болон холбогдох баримт бичгийг шалгах ажил үргэлжилж байгааг улсын байцаагч хэллээ. Харин “Наранбулаг трейд” компанийн зүгээс Хот байгуулалт, хотын стандартын газрын шийдвэрийн дагуу барилгын ажлын зургийг батлуулж, 5 айлын газрыг чөлөөлж, барилгын ажлыг байсан боловч иргэн н.Бат-Эрдэнэтэй газрын асуудлаар маргаан үүссэн. Арванхоёрдугаар сарын 16-нд анхны шүүх хурал болно. Газрын маргааны асуудлаас шалтгаалж Улаанбаатар хотын Ерөнхий архитектур барилгын ажлын зөвшөөрлийг долоодугаар сарын 1-нээс гурван сарын хугацаанд түдгэлзүүлсэн. Аравдугаар сарын 1-нд хугацаа нь дуусахад Хот төлөвлөлтийн газарт дахин зөвшөөрлийг авах хүсэлтээ өгсөн. Тухайн айлтайгаа тохиролцоод шүүхийн шийдвэр гарсны дараа зөвшөөрлийг дахин олгох талаар хариу бидэнд өгсөн” гэсэн юм.

Тиймээс Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл авч, НХШГ-ын улсын байцаагчаас өгсөн албан даалгаврыг биелүүлэх хүртэл “Наранбулаг трейд” компанийн барилгын ажлыг зогсоолоо.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0