Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалтыг нээж, Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Эрхбаяр нар үг хэллээ.
Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, авлигатай тэмцэх арга барилд нийтийн албан тушаалтнуудыг татан оролцуулах, авлигаас урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг сэдвээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Балдандорж, Ж.Мөнхжаргал нар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургалт хэлэлцүүлэгт аймаг, сумдын ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон ажлын албаны 200 гаруй албан тушаалтан хамрагдсан бөгөөд НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Ховд аймгийн удирдах албан тушаалтнууд авлигын эсрэг нэгдэж буйгаа илэрхийллээ гэж АТГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.