Мэдээ уншиж байна...

Админ 4 цаг 19 минут (0) (1)

Ц.Туваан: Дорноговийн нефтийн үйлдвэр ашиглалтад орвол евро-5 ангилалд дүйцэхүйц шатахуунаар дотоодын зах зээлийн 55 хувийг хангана

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай Дорноговь аймагт баригдаж буй  нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар ярилцлаа. Манай улс Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум долларын зээлээр 2018 оноос эхлэн Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефтийн үйлдвэр барьж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл нь  20 хувьтай ч манай улс үндсэн зээлийн төлбөрөө төлөөд эхэлсэн. Мөн ашиглалтад оруулах хугацааг 38 сараар сунгаж, зээлийг 500 сая ам.доллароор нэмэгдүүлэх асуудлыг УИХ хэлэлцэж байна. Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг монголчууд 1.7 тэрбум ам.долларын зээлээр, найман жил барихаар болж байна. Анхны ТЭЗҮ яагаад өөрчлөгдсөн, хөрөнгө оруулалт нэмэгдэх болсон шалтгаан зэрэг асуудлаар түүнтэй ярилцлаа. 

ВИДЕО: 

 

 

-БИД ШАТАХУУНД 2 ТЭРБУМ ДОЛЛАРЫГ ГАДАГШ УРСГАДАГ-

-Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ өөрчлөгдөж, хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн учраас нэмж 500 сая долларын зээлийг Энэтхэгийн Экспорт-Импорт банкнаас авахаар болсон байна. Гэтэл ажил нь дөнгөж 20 хувьтай байна. Хөрөнгө оруулалт өсөх болсон шалтгаан юу. Нэмэгдэж буй 500 сая доллараар ямар ажил хийх вэ? 

-2017 онд Энэтхэгийн Засгийн газар нь нэг тэрбум долларын зээлийг Монгол Улсад өгөх шийдвэрийг гаргасан. Энэ мөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг тухайн үеийн Засгийн газраас гаргаж, ТЭЗҮ-г боловсруулсан. Ингэхдээ 1.2 тэрбум доллараар газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ТЭЗҮ-г гаргаж, шав тавьсан. Гаргасан шийдвэрийг маш зөв гэж би үздэг. 2024 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улс нийт 2.5 сая тонн нефтийн тунгалаг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байна. Үүний 96 хувийг нэг улсаас буюу ОХУ-аас авсан. Эндээ 1.9 тэрбум доллар хэрэглэсэн байгаа юм. Аливаа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахын тулд аль болох олон эх үүсвэрээс авах ёстой гэсэн. Тийм учраас баталгаатай эх үүсвэрийг хангахын тулд  дотооддоо нефть боловсруулдаг үйлдвэртэй байх ёстой. Мөн дотооддоо валютаа авч үлдэнэ. Тэгэхээр гадаад худалдааны бланс талдаа ч ашигтай гэсэн үг. Хоёр орчим тэрбум долларыг гадагшаа гаргаад явуулчих нь манай эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр энэ үйлдвэрийг барьж дотооддоо валютаа авч үлдэхийн зэрэгцээ зах зээлийнхээ 55 хувийг хангахаар зорьж буй нь зөв зүйтэй юм. ТЭЗҮ-д таван жил тутамд тодотгол хийх зохицуулалтай. Энэ дагуу 9 дүгээр сард хуралдсан Эрдэс баялгийн салбарын хуралдаанаар Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-д тодотгол хийсэн. Энэ тодотголыг хийх зайлшгүй хэд, хэдэн шалтгаан байсан. 

Энэ үйлдвэрийг шавыг тавьж, тендер зарлахтай зэрэгцэн ковидтой нүүр тулсан. Мөн ковидын хоёр жилийн хугацаанд юу ч урагшилж чадаагүй. Ковидын дараа тендерүүдийг зарласан ч орох байгууллага ч олдохгүй нэлээн цаг алдсан. Ковидын цар тахлын дараа дэлхий нийтэд нарийн тоног, төхөөрөмжийн үнэ өссөн. Тэгэхээр өмнөх 1.2 тэрбум доллараар бид нар энэ үйлдвэрээ бүтэн барих боломжгүй болсон.

Дээрээс нь Монголын талаас  ТЭЗҮ-д онгоцны түлшийг 40 мянган тонноор, өндөр октантай авто бензинийг 60 мянган тонноор нэмэгдүүлэх саналыг нэмж тусгуулсан. Хэмжээ нэмэгдэхийн хэрээр энд орох тоног төхөөрөмж, агуулга савнаас эхлээд зардал нэмэгдсэн. Мөн бас, бус асуудлууд бий. Үүнийг нийтэд нь базаад нэмж 500 сая долларын зээл авч нийт 1.7 тэрбум доллараар барьж дуусгахаар болсон. 

Энэ үнэд зөвлөх үйлчилгээ, хөндлөнгийн хяналтын байгууллагын зардал гээд бүгд ороод энэ хэмжээний төлбөр болсон. 

 

 

-Одоо бүтээн байгуулалтын ажлын бодит нөхцөл байдал ямар байгаа вэ. 20 хувьтай гэхээр яг ямар ажлууд нь хийгдээд дууссан байгаа юм? 

-Энэ ажлыг анхнаасаа хийхдээ EPC буюу инженерчлэл, худалдан авалт, барьж байгуулах зэрэг дөрвөн багцад хуваасан. Үүнийхээ дараа санхүүжилтээ нэг байсныг нь дөрөв хувааж, бүх ажлаа зэрэг явуулахаар төлөвлөсөн. EPC-1 нь технологийн бус энгийн барилга байгууламжийн ажил, EPC-2 нь патентын бус барилга байгууламжийн ажил буюу вакум нэрлэг, ханасан хийн ялгарал, дагалдах тослох байгууламжууд, EPC-3 нь энэ төсөлд шаардлагатай дулааны цахилгааны станцыг барих, EPC-4 нь патенттай тоног төхөөрөмжүүдийг барих ажил юм. EPC-1-ийн бүтээн байгуулалт 100 хувь хийгдсэн. EPC-2 нь 20 хувьтай байгаа бол EPC-3 нь 13 хувьтай, EPC-4 нь одоо эхлэх гэж байна. 

-ИРЭХ 38 САРД АМЖИЖ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА -

-Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа очиж шавыг тавьж байлаа. Тухайн үед энэ үйлдвэрийг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна гэж ярьж байлаа. Гэтэл дахиад 38 сараар сунгахаар болчихлоо. Ирэх 38 сард өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа давтахгүй гэсэн баталгаа бий юу? 

-Гадаад талаас нэлээн хамаарах төсөл. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл учраас тус улсын компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гадаад нөхцөл байдал гэдэгт ковид зайлшгүй орно. Энэ үеэр ажиллах хүчин наашаа ирэх ямар ч боломжгүй байсан шүү дээ. Мөн дотоодод тендер зарлахад компаниуд орж ирэхгүй байсан нь ч нөлөөлнө. Том төсөл учир нэлээн хүчин чармайлт шаардагдаж байгаа шүү дээ. Зээлийн гэрээг УИХ-ын намрын чуулганаар амжиж батласнаас хойш 36-38 сарын дараа үйлдвэрийг асаах, ажиллуулж эхлэх хугацаа тоологдоно. Тэгэхээр бид нэлээн яаралтайгаар шийдвэрээ гаргаад санхүүжилтээ шийдээд ажилдаа шуурхай орохгүй бол бас л хугацаа хойшлох асуудал үүснэ. 

-Зарим УИХ-ын гишүүд "Яагаад ажилчдын орон сууцыг түрүүлж барьсан юм. Яагаад Дорнод руу хоолой тавьсан юм" гэж шүүмжилж байсан. Ер нь шаардлагатай бүтээн байгуулалт руу хөрөнгөө оруулж чадсан уу? 

-Дөрвөн багц бүгд тус, тусдаа төлөвлөлттэй. Төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу тендер нь зарлагдаад явж байна. Иргэний зориулалттай технологийн бус барилга байгууламж буюу ажилчдын амьдрах орон сууц, оффис, үйлдвэрт хэрэгцээтэй агуулах савны барилга зэрэгцээд явж байгаа. Тэгэхээр хоцорсныг эс тооцвол төлөвлөгөөний дагуу л дээрх ажлууд явж байгаа. Энэ үйлдвэрийг түүхий тосоор хангах орд газар нь Дорнод аймгийн Матад сум дахь Петрочайна Тачин тамсаг компанийн 19, 21 дэхь талбайд байна.Түүхий тосыг зөөхдөө автомашинаар , вагоноор зөөдөггүй харин хоолойгоор зөөдөг. Тэгэхээр манай хувьд түүхий тосыг авчрах асуудлыг хоолойгоор зөөнө. 2020 онд тендерийг нь зарлаад БНХАУ-ын Норинко компани шалгарч нийт 380 сая долларын санхүүжилтээр ажлаа гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 82 хувьтай байна. Үйлдвэрийг ашиглалтад  оруулахад зөөвөрлөх хоолой бэлэн байх ёстой. Тэгэхээр зөөвөрлөх хоолой нь эрт дуусахаар байна. 

 

 

-Бид ОХУ-аас шатахуунаар хараат. Үүнийхээ зовлон ч туулаад явж байгаа ард түмэн. 38 сардаа багтаж ашиглалтад орж чадах уу. Өртөгөө хэзээ нөхөх вэ? 

-Ихэнх том саад бэрхшээлээ ардаа орхисон. Тэгэхээр хамгийн сүүлийн график хугацаа буюу 38 сардаа багтаан бүх ажлаа маш сайн шахаж ажиллана. Энэ ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг надаар ахлуулаад гаргасан. УИХ, Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос мөн ажлын хэсгийг гаргасан. Бас л энэ ажлын эрчимжүүлэх ажил ажлын хэсгийн түвшинд явагдаж байна. Мөн хөндлөнгийн ажил гүйцэтгэлийн хяналтыг тавих түүнийхээ төлөө хөлс авч буюу компаниуд бий. Тэгэхээр энэ үйлдвэр цаг хугацаандаа ашиглалтад орно.

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын зах зээлийнхээ 55 хувийг хангана. Ингэснээр 1 тэрбум орчим долларын гадагшлах урсгалыг зогсооно. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 4.5 их наядын борлуулалтыг хийнэ. Өртөг нөхөх хугацааг 7.5 жил гэж тооцсон. 

Бид дотоодоосоо өндөр чанартай тунгалаг нефть бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ хангана. Одоогийн бид нарын хэрэглэж буй шатахуунаас өндөр чанартай буюу евро 5 ангилалд дүйцэхүйц бүтээгдэхүүн авто дизель дээр гарна. Мөн онгоцны түлш гарна. Энэ монголчуудад хэрэгтэй аль ч талаас нь бодсон өндөр ач холбогдолтой төсөл юм. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0