Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг Сар шинийн босгон дээр 47 дахь жилдээ шалгаруулан олгоно. Энэ шагналын талаар МҮОНРТ-ийн Хөдөө аж ахуйн тоймч Ө.Цогт-Эрдэнэтэй ярилцлаа.
-“Алтан төлийн эзэн” шагналыг хэзээнээс олгож эхэлсэн юм бэ. Энэ шагналын шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-"Алтан төлийн эзэн" шагнал 1978 оны Шороон морин жилийн Хаврын тэргүүн сард эхэлсэн түүхтэй. Энэ жил 47 дахь жилдээ олгож байгаа шагнал. “Алтан төлийн эзэн” шагналыг төл малаа сайн бойжуулсан малчинд олгодог. Нэг үгээр хэлбэл, төлчний шагнал юм. Сүүлийн гурван жилийн үзүүлэлтээр төлөө хэрхэн сайн бойжуулсан бэ гэдгийг харгалзан үзнэ. Зудтай хэцүү цаг үед төлөө сайн авчихсан, онцгой сайн малчид байдаг. Зөвхөн малын тоо харж, олон малтай айлд өгдөг шагнал биш.
-Малчны тодорхойлолт материалыг хэдэн хүртэл авах вэ?
-Бид удирдамжаа зарласан байгаа. Материалаа 2025 оны хоёрдугаар сарын 10 хүртэл хүлээж авна. “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын гол болзол нь сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан үзүүлэлтээс гадна, сүргийн чанар бүтэц, үүлдэр угсааг нь сайжруулсан байдлыг хардаг. Сум орон нутагтаа шинэ залуу малчин бэлтгэх, залуу малчныг ажлын байраар хангахад хэр хувь нэмэр оруулж, нийгмийн идэвх санаачилга гарган ажилласныг хардаг.
Мөн мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулж, өрхийн ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлж байна вэ гэдэг нь бас нэг үзүүлэлт. Малчин өрхийн гишүүн бүр Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалд хамрагдсан байх хэрэгтэй. Түүнчлэн татвар, даатгал, сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл, хамтын ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байгаа гэдгийг нь харж байгаа. Одоо хоршоо, хамтын ажиллагааг төр засаг дэмжиж, малчдаас хоршиж ажил үйлсээ хамтын хүчээр бүтээхийн төлөө ажиллах болсон. Эдгээр үзүүлэлтийг авч үзнэ дээ…
-Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Сум болгонд хөдөө аж ахуйн тасаг гэж байдаг. Хуучин бол Мал эмнэлгийн үржлийн тасаг шүү дээ. Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, багийн Засаг дарга, сумын Засаг дарга нарын тодорхойлолтоос эхлээд цөөнгүй материал бүрдүүлнэ.
-Эхлээд аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандаж, материалаа бүрдүүлэх эсэхээ шийдэх юм уу?
-Эхлээд тухайн багийн Засаг дарга шийднэ. Сумын хөдөө аж ахуйн тасаг дэмжинэ. Одоо малчин болгоно А данстай. А данс нь цахимжсан байгаа. Хэдэн малтай, хэдэн төл авсан, хэдийг нь зарсан. Сүүлийн жилийн өсөлт ямар байна. Мөн бэлчээр зохион байгуулалт, бэлчээрийн менежментийг хэрхэн сайн хийж байгаа гэдгийг ч тусгаж болно. Ингээд мэдээллээ харьяа аймгийнхаа Хүнс хөдөө ахуйн газарт явуулна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга "Улсын аварга малчин" шалгаруулж явуулдгийн адил сумдаас хэдэн малчны материал явуулах вэ гэдгээ шийднэ. Бид нэг аймгаас 10-аас доошгүй материал явуул гэдэг шаардлага тавьж байгаа. Тухайлбал, Төв аймаг 27 сумтай. Бид 27 материал авахгүй. Шигшээд тухайн аймгаас 10 хүртэл материал явуул гэсэн.
“Алтан төлийн эзэн” шагналыг зохион байгуулах комисс буюу ажлын хэсэг батлагдсан. Тухайн ажлын хэсэг материалыг хүлээн авч хэлэлцэж, шалгаруулдаг. Шалгаруулалт хийхдээ зөвхөн ирсэн материалаа харж шалгаруулахгүй. Малчдын мэдээллийг нягталж хянаж байж олгоно. Өөрөө аймгийн төвд оршин суудаг. Олон малчнаар малаа маллуулдаг төлийн тоо хэмжээ болон бусад үзүүлэлтээ хангачихсан малчны тодорхойлолт олон ирдэг. Тухайн хүнийг бид малчин гэж үзэх үү, үгүй юу гэдгээ судална.
-Шалгаруулах комисс байгуулагдсан гэж байна. Салбарын яамнаас хүмүүс байдаг уу?
-Энэ шагналыг 1978 онд анх бий болж байхад Нэгдэлчдийн дээд зөвлөлтэй хамтарч олгож эхэлсэн түүхтэй юм билээ. Бид энэ уламжлалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч ажилладаг. Яамнаас шалгаруулалтын ажлын хэсэгт хоёр хүн оролцдог. Тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар энэ шагналтай байнга хамтарч ирсэн. Энэ жил ч гэсэн уламжлалаараа хамтарч ажиллана. ХХААХҮЯ хамтарч ажиллаж байна гэдэг нь Засгийн газартай хамтарч олгож байгаа шагнал гэсэн үг.
-Энэ шагналыг жилд хэдэн малчинд олгодог вэ?
-2007 он хүртэл улсын хэмжээнд төрөл тус бүр дээр нэг нэг, өөрөөр хэлбэл, тавхан ширхэгийг л өгдөг байсан. 200 мянган малчин өрхөд ийм тоо харьцангуй цөөн байгаа биз дээ. Ингээд тухайн үеэс тоог нэмэгдүүлсэн. Гэхдээ тоог нэмэгдүүлэхдээ олон биш 20-30 ширхэгт барьж байсан. "Улсын аварга малчин" шагналыг 60-70 малчинд өгдөг байсан. Одоо бол 120 гаруй малчинд өгч байгаа. Улсын аварга малчны шагналыг 100 гаргачихаар манай шагнал цөөхөн байгаад байхаар бас өрөөсгөл. Монголын радиогийн 90 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэ ойтойгоо уялдуулж, улсын хэмжээнд 90 ширхэг шагнал өгсөн. Энэ жил ч гэсэн мөн тийм хэмжээний малчныг шалгаруулан олгоно гэсэн төсөв төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Шагналыг хэзээ гардуулах вэ?
-Энэ жил цас, зуд харьцангуй гайгүй байна. Сар шинийн босгон дээр өгдөг уламжлалтай шагнал учраас Цагаан сарын өмнө олгох товтой байгаа. Энэ шагналд өрсөлдөгч их болжээ. Сүүлийн үед 300-400 малчны тодорхойлолт материал ирдэг болчихсон. Аймгийн Хөдөө аж ахуйн газруудад албан тоот, чиглэл өгч ажилладаг. Гэхдээ сумдаас материал шууд хүрээд ирдэг. Тоо хэмжээ олон болчихдог. Бидэнд ажлын ачаалал нэмэгддэг. Тэр олон материалаас 90 ширхэгийг л шалгаруулна гэдэг амаргүй ажил. Иймээс Аймгийн хөдөө аж ахуйн газрууд сумдад чиглэл өгч хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
-Зарим аймаг зудтай байна. Эдгээр аймаг, сумдаас материал ирэх нь бага байна уу?
-Өнгөрсөн өвөл, хавар Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Завхан, Булган, Төв аймагт зуд нүүрлэж, ихээхэн хохирол амссан. Тэгэхээр төл малын хувь хэмжээ ч маш доогуур үзүүлэлттэй байгаа. 2024 оны хаврын төлийн үзүүлэлт л чухал шүү дээ. Тухайлбал, Сүхбаатар аймгаас л гэхэд 300-400 толгой унага бойжуулсан гэх тодорхойлолт ирдэг байсан. Энэ удаа харьцангуй бага байна. Зудад нэлээд нэрвэгдсэн хүнд хэцүү байсан газруудаас малчдын шагналын материал маш бага ирж таарна.
Энэ жил бас Монгол орон даяар өнтэй сайхан байгаа юм биш. Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Увс, Завхан зэрэг аймагт цагийн байдал хүндхэн сум, орон нутаг цөөнгүй байгаа. Тухайн бүсэд өнгөрсөн хавар төлөө сайн авчихсан айл өрхүүд бий. Зудтай газраас тодорхойлолт ирүүлж, малчид шалгаруулалт хангаад шагнал өглөө гэж бодоход заавал Сар шинийн өмнө өгнө гэж айл өрхийг хүндрүүлэхгүй. Сар шинийн дараа өгсөн ч болно.
-Нэг аймгаас хэдэн ч “Алтан төлийн эзэн” тодрох боломжтой юу?
-Шагналын тоо цөөн учраас хүртээмжтэй байдлаар зохицуулах тал бий. Төв аймаг л гэхэд 27 сумтай, Хөвсгөл, Завхан 24 сумтай. Тэгэхээр сумынхаа тоогоор материал ирүүлээд байж болохгүй. Аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар нь шийднэ. Ерөнхийдөө малч, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж байгаа малчдыг л шалгаруулж олгоно доо. Харин "Улсын аварга малчин" болчихсон малчин өрхөд энэ шагналыг олгохгүй.
-Яагаад?
-“Алтан төлийн эзэн” босго шагнал юм. "Алтан төлийн эзэн" болчихвол "Улсын аварга малчин" болох үүд хаалга нээгдэж байгаа. "Улсын аварга малчин", "Хошой аварга", "Гавьяат малчин", "Хөдөлмөрийн баатар" гээд өндөр дээд алдар цол хүртсэн малчид манай Алтан төлийн эздийн дунд олон бий дээ... Тухайлбал, Өнмөговь аймгийн Ханбогд сумын малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Тогтохсүрэн, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин, Хөдөлмөрийн баатар, Гавъяат малчин Я.Нямдорж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин Тойвгоо, Сугар-Очир гээд дурдаад байвал манай “Алтан төлийн эзэн” шагналтнууд дундаас төрсөн гавьяат, баатрууд олон байдагт бид бүхэн бахархаж явдаг даа... Ийм л бахархалт урам зоригоор малчин бүрийн хотноос “Таван эрдэнэ” нэвтрүүлгээ дуугаргах юмсан гэж хичээдэг юм.
-Ярилцсанд баярлалаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.