Мэдээ уншиж байна...

“Нээлттэй парламент” хөтөлбөрөөс шалгарсан оюутнууд УИХ-д үргэлжлүүлэн дадлагажихаар боллоо

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгээс “Нээлттэй парламент” хөтөлбөрийг нэг сарын хугацаанд зохион байгуулж, дотоод болон гадаадын, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 100 шилдэг оюутныг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулсан.

Энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн дээрх 100 оюутнаас хоёрдугаар шатанд 30 оюутныг сонгож, “Parliament internship” хөтөлбөрийг дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.

Өчигдөр тус хөтөлбөрийг нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд хөтөлбөрт шалгарсан 30 оюутан 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл УИХ-ын Тамгын газар болон дэргэдэх байгууллагуудад цалинтай дадлага хийнэ.

Оюутнууд тус хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онолын мэдлэгээ дээшлүүлэх, УИХ-ын гишүүд, албан хаагчид, бусад салбарын оюутан залуустай харилцаа холбоо тогтоох, УИХ-ын Байнгын хороодын өдөр тутмын болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0