Мэдээ уншиж байна...

Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын даргын 84 дүгээр захирамжаар байгуулагдсан стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хуралдлаа.

Тус хурлаар 2025.02.19-21-ний өдрүүдэд зохион байгуулсан “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийн тайлантай танилцаж, санал солилцлоо.

Хуралд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Г.Лувсанжамц, О.Саранчулуун, С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, М.Мандхай нар оролцсон бөгөөд салбар, салбарын төлөөллөөс гаргасан санал, зөвлөмжүүдтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. Тухайлбал, барилга, дэд бүтэц, эрүүл мэнд, хүнс, хүрээлэн буй орчны чиглэлээр дэмжих ажлын хэсэг байгуулахаар зөвлөлдлөө.

Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал гурван өдрийн турш зохион байгуулсан “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, санал, санаачлагаас хуулийн төсөлд тусгасан талаар болон хэлэлцүүлгийн үр дүнг танилцууллаа. Тэрбээр, барилга, дэд бүтцийн чиглэлээр оролцогчдоос нэг төрлийн санал олон ирсэн талаар онцлов. Түүнчлэн барилгын хөгжилд шинэчлэл хийх шаардлагатай байгаа талаар дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц энэ хаврын чуулганаар стандартын тухай хуулийн төслийг хэлэлцэх төлөвлөгөө гаргаж, давхцлыг арилгах, санал зөвлөмжүүдийг илүү сайжруулах шаардлагатай байгааг хэллээ. Мөн зарцуулалт нь тодорхой бус ажлууд дээр төсөвт өртгөө нэмье гэсэн саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нийгмийн эрүүл мэндийн бодлогыг илүү сайжруулж, салбар дундын асуудал мэтээр орхигдуулахгүй байхыг анхааруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр Стандарт, хэмжил зүйн газраас стандартын үзлэг, шинэчлэлтэй холбоотой асуудал болон зарцуулалтын талаар асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн стандартын асуудал дээр салбарын яамд бодлогын ажлаа хийж, бид илүү норм, нормативд анхаарах хэрэгтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа норм, нормативийг хэн шалгах нь тодорхойгүй учир харьяа хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0