Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.