Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-хий өдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдлаа. Бага хурлын VI хуралдаанд оролцох гишүүдийг цахимаар бүртгэсэн бөгөөд нийт гишүүдийн 70 орчим хувь нь оролцов.
Бага хурлын VI хуралдааны даргаар Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, дэд даргаар Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюунбилэг нарыг сонгов. Мөн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, тооллогын комиссын гишүүдийг баталлаа.
Хуралдааныг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
Тус хурал шөнөжин үргэлжилж, эцэст нь гэрээгээ зөрчсөн үндэслэлээр улс төрийн намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа УИХ дахь намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Бага хурлын гишүүд шийдвэрлэлээ.
Бага хурлын гишүүд олонхиороо энэ шийдвэрийг гаргасан тул хамтарч ажиллаж байгаа улс төрийн намуудад энэ тухай танилцуулж, хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд танилцуулж дараагийн алхмыг хийх болно" гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.