Сэтгэгдэл 0
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Солонгос Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Донмён Кимтэй уулзаж, хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх, хүлээн авах асуудлаар санал солилцлоо.
Монгол Улс 2004-2025 онд Бүгд Найрамдах Солонгос Улс руу давхардсан тоогоор нийт 38,5 мянган иргэнийг ажиллах хүчээр илгээсэн. Манай улсын иргэд төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл, электрон, хог хаягдал дахин боловсруулах салбаруудад голлон ажиллаж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нийт 17 улсад E-9 буюу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар гадаад ажилтан сонгон шалгаруулж авдаг.
Монгол Улсын иргэнийг 3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэр болон үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож, сар бүр товлогдсон хугацаанд Монгол ажилтнуудыг илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэхүү санамж бичгийн хүрээнд 2024 онд манай улс 722 иргэнийг БНСУ руу илгээсэн байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Донмён Кимтэй “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гаднын улсын иргэд ажлын байр дээр үйлдвэрийн осолд орох, эрсдэх нөхцөл гардаг. Тиймээс Манай улсын Засгийн газрын зүгээс ажиллах орчныг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих хяналтад анхаарч байна.
Мөн үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил олгогч нартай нягт хамтран ажиллаж, ажилтан, ажил олгогч нарт зориулсан сургалт, мэдлэг олгох болон урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна” гэдгийг хэлж байлаа.
Түүнчлэн хөдөлмөрийн гэрээт ажилтны хөдөлмөрийн харилцаанд нийтлэг гардаг цалин хөлсний маргаан, зөрчлийг багасгах, хөдөлмөрлөх болон хүний эрх, нийгмийн хамгааллыг сайжруулахад хоёр тал хүчин чармайлт чухал байгааг онцолсон юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.