УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр/2025.10.02/-ны 17:00 цагт цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр, Сүүлийн өдрүүдэд улс төрийн халуун өдрүүд үргэлжилж байна. МАН-ын даргын сонгууль болсонтой холбоотойгоор улс төрийн үйл явдлууд эрчимтэй өрнөж байна. Миний хувьд МАН-ын даргад нэр дэвшихдээ хувь хүн биш хууль засагладаг эрх зүйт төрийг бий болгохын төлөө, МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө Азийн цээжинд орших ардчилсан Монгол Улс парламентын засаглал, парламентынхаа дархлааг улам их бэхжүүлэхийн төлөө нэр дэвшсэн. МАН-ын 8 дугаар бага хурал хуралдаж, гишүүдийн үнэмлэхүй олонхийн саналаар миний бие МАН-ын даргаар сонгогдсон. Энэ дашрамд МАН-ын нийт гишүүд дэмжигчигд, МАН-ын бага хурлын гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлж байна.
Өнөөдөр өрнөж байгаа үйл явдалтай холбоотой тодорхой тайлбаруудыг хийе. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс увайгүйгээр олон үндэслэлгүй, баримтгүй зүйлүүдээр гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйл явдал болж байна. Парламент Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байдаг. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ийм ажил зохион байгуулалттайгаар хийгдэж байна. Тухайлбал, дөнгөж сая Хууль зүйн байнгын хороо хаалаа. Өнөөдөр 15 цагаас ХЗБХ хурлаа эхлүүлсэн Засгийн газар болон бусад УИХ-ын гишүүдээс, магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнээс авч байгаа дарамтаас хамааралтайгаар ХЗБХ-ны хурлыг хуралдуулахгүйгээр бойкот хийлээ. Тус байнгын хорооны 10 гишүүн ирцэд бүртгэгдээд 2 цаг хүлээгээд хурал болсонгүй. Миний хувьд ХЗБХ-ны гишүүдийн гаргасан саналыг үндэслэн ХЗБХ-н даргатай зөвшилцөн, өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн шинжтэй бодитой мэдээллийг авах энэ асуудлыг УИХ өөрийнхөө эрх үүргийн хүрээнд хийх ёстой гэдэг асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн. Монголын ард түмэн хэвлэлээр ээлж дараалан хийж байгаа мэдэгдлээс мэдээлэл авахаасаа илүүтэйгээр мэргэжлийн байнгын хороон дээр хууль хяналтын байгууллагын удирдлагууд ирж болж байгаа нөхцөл үйл явдал дээр бодитой хариулт өгөх нь нэн чухал гэж үзсэнтэй холбоотойгоор энэ ХЗБХ-ны хурал зарлагдсан. Харамсалтай нь бойкотлогдсон.
Дээрээс нь намайг гүтгэсэн этгээдүүд энэ байнгын хорооны хуралд ирэхгүйн улмаас байнгын хорооны хурал өнөөдөр хуралдаж чадсангүй. Энэ хурал ойрын үед хуралдаж энэ төрийн үйл хэргийг тасалдахгүй, доголдохгүй явах нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт миний хувьд итгэлтэй байна. Ор үндэсгүй гүтгэлийн талаар би ярихыг хүсэж байна. Сүүлийн 2 жил орчмын хугацаанд миний биеийг нүүрсний хулгайч мэтээр зарлаж, ямарваа нэгэн байдлаар баримт сэлтгүйгээр холбогдуулан гүтгэж ирсэн үйл явдалтай холбоотой. Эдгээр үйл явдал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдах нь битгий хэл намайг дуудаж мэдээлэл авах нь битгий хэл нотлогдох нөхцөлгүйгээр явж байсан гэдгийг би өмнө нь сонсож байсан. Харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвших нөхцөл бүрдсэн, нэр дэвшигчээр зарласан тэр цаг үеэс эхлэн энэ үйл ажиллагаа илтэд идэвхжлээ.
Улс төрийн дарамт, улс төрийн дарангуйлал гэдэг зүйл Монгол Улсад бүрэн тогтсон байгаагийн тод жишээг би өнөөдөр өөрийн биеэр харж байна. Хууль хяналтын байгууллага асар их дарамт дунд үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа гэдгийг би сүүлийн өдрүүдэд улам бүүр мэдэрч авлаа. ХМХ-ээр Амарбаясгаланг нүүрсний хулгайч мэтээр зарлаж явсан нөхрийг хоёр өдрийн өмнө Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүйн сайдаар Үндсэн хууль зөрчиж, УИХ-д танилцуулахгүйгээр, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулахгүйгээр томилж байгаагаа зарласан. Миний хувьд нэг зүйл тодорхой болсон. Би намынхаа Бага хурал дээр хэлсэн. Намайг өнгөрсөн хоёр жилийн туршид ямар зорилгоор нүүрсчин болгох энэ ажил хийгдсэн юм бэ гэдгийн учир нь тайлагдсан. Нүүрсчин болгох гэж гүтгэж байсан этгээд нь нүүрсчин болгуулахаар захиалга өгсөн этгээдээсээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн ХЗДХ-ийн сайдын албан тушаалаар шагнуулж байгааг Монголын ард түмэн тэр аяараа харсан гэдгийг бас хариуцлагатайгаар хэлье.
Д.Амарбаясгалан миний бие өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар аливаа хуулийн байгууллагад дуудагдаж шалгагдсан тохиолдол нэг ч байхгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн тохиолдол нэг ч байхгүй. Аливаа шатын шүүхийн байгууллагаар гэм буруутай гэдэг нь тогтоогдож шийтгэгдсэн зүйл огтоос байхгүй
Монгол Улс бол ардчилсан Үндсэн хуультай улс. Иргэн хүний нэр төр албан тушаалтай этгээдийн ажил албаны нэр хүнд гэдэг зүйл бол Үндсэн хууль, холбогдох хуулиудаар хамгаалагдаж байдаг зүйл. Яг энэ үг үйлдлийг сүүлийн өдрүүдэд улс төрийн өндөр албан тушаалтай хариуцлагатай этгээдүүд удаа дараа гүжир гүтгэлгийн шинжтэйгээр олон нийтэд мэдээлэл хийж төөрөгдүүлж байна гэдэг бол ардчилсан Монгол Улсын парламентын засаглалд аюул ирсэн том дохио юм. Энэ асуудал өнөөдөр Д.Амарбаясгалангийн асуудал байж болно. Гэхдээ энэ асуудал маргааш бусдын асуудал болно. Энэ асуудал нөгөөдөр та бидний бүгдийн асуудал болно. Монгол Улс эрх чөлөөт ардчилсан нийгмээ алдах аюул эрсдэлд орж байна гэдгийг би энэ үгээр дүгнэж хэлж байгаа юм. Парламентад суудалтай улс төрийн намуудад ч бас би хандаж хэлэхийг хүсэж байна. Та бүхэн маань аливаа асуудалд ул суурьтай баримт материалтайгаар хандах нь зүйтэй. Бидний санаачилгаар 126 гишүүнтэй парламент бүрдээд жил хагасын хугацааг үзэж байна. Мэдээж улс төрийн нам хооронд улс төрийн өрсөлдөөн тэмцэл цэвэр явагдаж байх учиртай.
Харамсалтай нь баталгаатай, нотолгоотой, баримтгүйгээр улс төрийн намын үйл ажиллагаа шийдвэр гарч улс төрийн албан тушаалтны нэр төрд халдаж УИХ бусад одоо төрийн байгууллагын үйл ажиллагааг явуулахад доголдол үүсэх нөхцөл үүсэж байна. Би АН-ын Улс төрийн зөвлөл болон АН-ын бүлгээс гаргасан шаардлагыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа. Гэхдээ өнөөдөр Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн АН-ын бүлэг бүлгээ хуралдуулж, Д.Амарбаясгалан намайг оруулж, албан ёсны тайлбар хийх тэр боломжоор хангана гэдэгт бүрэн итгэж байна. Энэ хүрээнд би ЦЕГ-т гомдол гаргасан. Өнгөрөгч есдүгээр сарын 29-ний өдөр Д.Амарбаясгалан намайг онц ноцтой хүнд хүн амины гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар холбогдуулан шалгагдсан эсэх талаар тайлбар мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн. Би, ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт хандан хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа иргэдийн хүсэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангах хүсэлтийн хариу өгөх асуудалд яаравчлан, шуурхай ажиллуулж өгөхийг хүссэн. Магадгүй Даваа гаригт ХЗДХ-ийн сайдад хандсан үйл явдлаас болоод Л.Мөнхбаатар сайдыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөлөх, магадгүй Д.Амарбаясгаланд цагдаагийн байгууллагаас өгөх энэ хариултыг өгүүлэхгүйн тулд хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд улс төрийн дарамт үзүүлсэн байж болзошгүй байна гэдгийг ойлгож авсан. Өнөөдөр надад ХЗБХ-ны мэдээлэл сонсох хурал зарлагдсаны хүчинд энэ цагдаагийн байгууллагын хариу ирлээ.
Уг хариугаар энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр талийгаач болсон этгээдтэй холбоотой хэргийг хэрэг үүсгэхээс татгалзсан бичгийг цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлснээ илэрхийлж байна. Энэ баримтыг та бүхэнд хувилж өгнө. Үндсэндээ бол энэ баримт дээр нэгдүгээрт гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорын байгууллагад хүргэснээ мэдэгдсэн. Нөгөөтээгүүр Д.Амарбаясгалан намайг ямар нэгэн байдлаар энэ хэрэгтэй холбогдуулан мэдээлэл аваагүй, гэрчийн болон бусад хэлбэрээр дуудаж шалгаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Намайг гүтгэгч этгээд 30 сая долларыг ковидын цаг үеэр Монгол Улсын хилээр нэвтрүүлж оруулж ирсэн, ахиад тэр баримтыг нь мэдэж байсан этгээдийг "нухсан" гэдэг үгийг "Лхагвын тойм" нэвтрүүлгээр орохдоо илэрхийлснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол хүний ёсонд баймгүй юм.
Улс төр ,эрх мэдэл албан тушаалд дуртай байж болно. Гэхдээ эцэг хүний хувьд хийж байгаа асар том гүтгэлэг юм. Миний хувьд 4 хүүхдийн эцэг хүн. Улстөрчдийн шуналаас болж эрх мэдлийн төлөөх тэмцлээс болж, гүтгэгдэж, доромжлуулж байгаагаа би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Энэ утгаараа цагдаагийн байгууллагаас ирсэн бичгийг хуулийн дагуу судалж үзэхэд ЭХХШТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.10 дугаар зүйл дээр мөрдөгчийн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурор хянаж 7 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байна. Тэгэхээр үндсэндээ энэ хэрэг прокурорын түвшинд бүрэн хаагдсан хэрэг байна гэж дүгнэж болохоор байна. Та бүхэн бас цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэл авах нь зүйтэй. Өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж уг талийгаач болсон этгээдийн ар гэрийнхэн Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж олон баримт материалыг тамга тэмдэгтэй материалыг ирүүлсэн байна. Уг материалдаа "Миний нөхрийн талаар цагдаагийн байгууллага явуулсан үйл ажиллагаанаас гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэл тогтоогдоогүй. Бид ном журмынх нь дагуу сүүлийн замд нь үдсэн гэдэг" мэдээлэл хийсэн. Энэ мэтчилнээр Д.Амарбаясгаланг ямар нэгэн аргаар нүүрстэй холбож, улс төрийн өш хонзон авах гэсэн оролдлогууд сүүлийн өдрүүдэд явагдаж байгааг үүгээр дамжуулж, таслан зогсоохыг шаардаж байна.
Ер нь УИХ-ын гишүүд, УИХ-ын гишүүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийнхөө байр суурийг илэрхийлэх энэ эрх эрх чөлөө гэдэг зүйл бол Монгол Улсын амин чухал зүйл байдаг. Хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улс ардчилал, хүний эрхийг хамгаалах энэ байдлаа алдах юм бол улсаараа ямар түвшинд очих вэ гэдгийг Монголын ард түмэн бүгдээрээ мэддэг. Миний хувьд МАН-ын даргад нэр дэвшихдээ ч тэр, ялалт байгуулаад намаа удирдан чиглүүлж ажиллахдаа, парламентын засаглалыг тууштай дэмжиж, эрх мэдлийн төлөөх шуналыг таслан зогсоож, эрх, эрх чөлөөний төлөө тууштай зогсох болно гэдгээ мэдэгдэж байна. УИХ яагаад 126 гишүүнтэй бүрдсэн үндсэн шалтгаан ердөө энд оршиж байгаа. Бид олон намын оролцоотой, олон гишүүнтэй парламенттай байж, хамтын шийдвэрийг гаргаж чаддаг байх энэ зарчмаас хэзээ ч ухарч болохгүй.
Өнөөдөр хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг харахад үнэхээр хүндрэлтэй болжээ. Би тэдгээр байгууллагуудыг буруутгахаас илүүтэйгээр тэдгээр байгууллагад очиж байгаа улс төрийн дарамт шахалтыг үнэхээр зэвүүцэн жигшиж байгаагаа энэ ташрамд хэлэхийг хүсэж байна. Миний бие хэдийгээр өнөөдөр УИХ-ын дарга ч гэсэн энэ нөхцөл байдал, энэ улс төрийн дарамт дарангуйлал, энэ том хүчирхийлэл дунд хүч мөхөстөж байгаагаа зарим талаар хэлэхийг хүсэж байна. Гэхдээ яг энэ нөхцөлийг ойлгож, дэмжиж байгаа маш олон парламентын гишүүд, маш олон энгийн иргэд бий. Эдгээр парламентын гишүүд, эдгээр иргэдийнхээ хамтаар шударга ёсны төлөө, увайгүй гүтгэлэг хийж өрсөлдөгчийнхөө нэр хүндийг нь гутаадаг, энэ байдлын эсрэг хатуу тууштай тэмцэнэ гэдгээ албан ёсоор илэрхийлье" гэв.




Админ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.