Мэдээ уншиж байна...

Админ 1 цаг 21 минут (0) (4)

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдааны эхэнд 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард Байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай тогтоолын төслийг эхний ээлжинд хэлэлцэн, баталлаа.

Цаглаварт Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай Улсын Их Хурлын даргын 179 дүгээр захирамжид заасан байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах асуудлуудыг тусгасан байна. Тогтоолд, хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний асуудлуудыг хэлэлцэхэд цаглавар хамаарахгүй байхаар заажээ.

Дараа нь Улсын Их Хурлын чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгаад байгаа Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсдүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль, тогтоолын төслүүдийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар хийлээ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан асуулт асууж, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төв нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх байгууллага болон био банкнаас тусдаа болох тухай тодруулсан бол Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн зүйл, заалт бүрээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат горимын санал гаргаж, тогтоолын болон хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтруулан явуулах нь зүйтэй гэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0