Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилготой “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд 5 дугаар сарын 13-аас 15-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Сургуулилтын үйл ажиллагаанд нийт 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид оролцож, эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдал, хүч хэрэгсэл, нөөц хангамж, удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагааны чадавхыг үнэлэх юм.
Команд штабын сургуулилтын хүрээнд:
• Гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах;
• Шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлэх;
• Гамшгийн үед байгууллагуудын нэгдсэн удирдлагын тогтолцоог тодорхойлох;
• Бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах;
• Эрүүл мэндийн салбарын тогтвортой ажиллагааг хангах чадавхыг нэмэгдүүлэх;
• Гоц халдварт өвчин, газар хөдлөлт, химийн осол, ой хээрийн түймэр, уул уурхайн осол зэрэг болзошгүй эрсдэлийн үед ажиллах дадлага сургуулилтыг зохион байгуулах юм.
Команд штабын сургууль нь зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, удирдах бүрэлдэхүүн штабын дадлага, дууриалган үзүүлэх тактикийн сургуулилт гэсэн үндсэн үе шаттай явагдана.
Дууриалган үзүүлэх тактикийн дадлага сургуулилалтыг Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймаг, ХӨСҮТ, УНТЭ болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт зохион байгуулж, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний хариу арга хэмжээ авах зэрэг нөхцөлд ажиллах дадлага хийж гүйцэтгэнэ.


Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.