Прокурорын байгуулагаас 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 143 хүнд холбогдох 98 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 18-22 ны өдрүүдэд 9 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүх 8 хүнд 1,6-9 жилийн хугацаатай хорих ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Ял шийтгүүлсэн хүмүүсээс 2 нь эмэгтэй, 3 нь энэ төрлийн гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан байна.
Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.
-Э.С (43 настай, эрэгтэй) нь 2023-2025 оны хугацаанд НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор их хэмжээгээр олж авч, бусдад удаа дараа худалдан борлуулсан, хадгалсан,
Л.Г (37 настай, эрэгтэй,) Ц.Ц (33 настай, эрэгтэй) нар нь Э.С-ээс дээрх бодисыг олж авсан, бусдад худалдсан, Б.Б (44 настай, эрэгтэй), А.А (34 настай, эмэгтэй) нар нь олж авсан, хадгалсан, хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Э.С -г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жилийн хорих ял, Л.Г, Ц.Ц, Б.Б нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг олж, авсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, А.А-д 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
-Т.А (42 настай, эмэгтэй) нь БНХАУ-ын иргэн Z.X (50 настай, эрэгтэй) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Т.А, БНХАУ-ын иргэн Z.X нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Z.X-д 2 жил, 6 сар, Т.А-д 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
-Ц.С (49 настай, эрэгтэй) нь ... аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар ...тоот гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ц.С-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж, нийт 3 жил, 10 сар, 17 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.