“Дүүжин замын тээвэр” төслийн барилгын талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын төлөөлөл өнөөдөр /2026.05.28/ зочилж, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилттэй танилцлаа.

Төслийн G1 буюу Яармаг–Арцат чиглэлийн буудлын барилгын талбайд инженерүүд очиж, дүүжин замын тээврийн техник технологийн шийдэл, угсралтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Стратеги бодлого төлөвлөлтийн хорооны дарга Т.Түмэн-Өлзий “Нийслэл хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн томоохон төсөлтэй танилцаж байгаадаа баяртай байна.
Францын “POMA” компани нь дүүжин замын тээврийн салбарт олон улсын хэмжээнд өндөр туршлага, мэргэшлээрээ танигдсан байгууллага юм. Манай инженерүүд энэхүү төслийн хүрээнд олон улсын сайн туршлагаас суралцаж, мэдлэгээ тэлж байгаад талархаж байна. Цаашид манай холбоо Нэгдсэн төслийн удирдлагын газартай хамтран бусад томоохон төслүүдтэй инженер, техникийн ажилтнуудаа танилцуулах сургалт, семинаруудыг зохион байгуулахаар ярилцлаа” гэв.

“Дүүжин замын тээвэр” төсөл нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, орчин үеийн нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна.
Өнөөдрийн энэхүү уулзалтын хүрээнд талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын нийт 25 инженер болон “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын мэргэжилтэн, албан хаагчдын төлөөлөл оролцсон уулзалт семинар зохион байгуулсан. Энэ үеэр НТУГ-ын Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Содбаатар нийслэл хотод хэрэгжиж буй 16 мега төслийн хэрэгжилт, явцын талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.


Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.