Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэж заасныг дурдаад, хууль тогтоох онцгой бүрэн эрх болон засаглалын эрх мэдлийн харилцан хяналтын зарчим алдагдахаас сэргийлэх шаардлагатайг онцолсон юм.
Иймд захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглох заалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэхээр төсөл боловсруулжээ.
Хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явууллаа.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 67.0 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.