Мэдээ уншиж байна...

Админ 2026/06/24 (0) (16)

Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулна

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Лонг Дук Нгүенийг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хурал өнгөрсөн арван хоёрдугаар сард болж Монгол Улс "Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай" тогтоолыг санаачилж, Норвеги, Гана, Албани улстай хамтран зохиогчоор оролцсон.

Энэхүү тогтоолыг 2026-2027 онд хэрэгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2026 оны 220 дугаар тогтоолоор баталсан.  Төлөвлөгөөний дагуу Сонгуулийн ерөнхий хороо "Нээлттэй нийгэм форум"-тай хамтран ирэх есдүгээр сарын 22-24-ний өдөр олон улсын дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. 

Олон улсын дугуй ширээний уулзалт нь улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын шинэчлэлийн хэрэгжилтийг ахиулах зорилгоор хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангах практикийг сайжруулах, институц хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, эрсдэлд суурилсан арга хандлагыг хөгжүүлэхэд чиглэнэ. Үүнийг хэрэгжүүлэхдээ практик туршлага бүхий мэргэжилтэн, хяналтын байгууллага, бодлого боловсруулагч, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын шинжээчдийн харилцан туршлага солилцоог дэмжинэ.

Тус арга хэмжээ нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 11/7 дугаар тогтоолыг бодитой хэрэгжүүлэх практик арга замуудыг хэлэлцэх, цаашдын олон улсын удирдамж болон хэрэгжилтийн хэрэгслүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх талбар болохын зэрэгцээ Азийн шинэчлэлд чиглэсэн улс орнуудыг бодит алхам хийхэд сайн туршлага болох ач холбогдолтой.

Уг арга хэмжээг зохион байгуулахад Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/, Транспэрэнс Интернэшнл, Нээлттэй засгийн түншлэл /Open government partnership/ зэрэг олон улсын байгууллага дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, Австрали, Канад, Норвеги, Англи, Япон, Молдав, Индонез, Өмнөд Африк, Өмнөд Солонгос зэрэг 20 гаруй улс оролцох юм.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ыг уг арга хэмжээнд оролцохыг урьж, санал солилцсон юм. UNODC-ны Монгол дахь суурин төлөөлөгч Лонг Дук Нгүен Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын тогтоолын ач холбогдлыг онцлоод олон улсын уулзалтад оролцохоо илэрхийллээ.

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, гадаад харилцаа хариуцсан референт Б.Уянга болон "Нээлттэй нийгэм форум"-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нар оролцов.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0