Мэдээ уншиж байна...

Админ 2026/06/30 (0) (19)

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран, ХААН Банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ.

Энэ жил тус аян улс орон даяар 16 дахь жилдээ, Сэлэнгэ аймагт 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг сайжруулах, мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Аяны хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Сэлэнгэ аймагт ажиллаж, иргэдэд:

- Хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх,

- Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулах,

- Орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт, дадлага явуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.


Судалгаагаар Сэлэнгэ аймагт 2025 онд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа оношлогдсон байна. Иймээс иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” нь 2026 оны зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 3-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0