Мэдээ уншиж байна...

Админ 8 цаг 32 минут (0) (14)

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр жилд 446 тэрбум төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой

Нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн Улаанбаатар трам” хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хоёр шугамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан байна. Нэгдүгээр шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн бол хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байх юм.

Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж, замын хөдөлгөөний дундаж хурд 23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.

Трамвайн системийг хөгжүүлснээр нийтийн тээвэрт суурилсан хот төлөвлөлтийг дэмжиж, шугам болон зогсоолуудыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, орон сууцны шинэ бүсүүд бий болох боломжтой. Үүний зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа өргөжих, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх зэрэг эдийн засгийн эерэг үр нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.

Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг тул ашиглалтын явцад агаар бохирдуулагч бодис шууд ялгаруулахгүй. Иргэд хувийн автомашинаас их багтаамжийн нийтийн тээвэрт шилжсэнээр замын хөдөлгөөний ачаалал, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой.

Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг тооцоход нэг автомашин өдөрт дунджаар 2.5 цаг түгжрэлд саатахдаа 3.45 литр шатахууныг үр ашиггүй зарцуулдаг байна. Ингэснээр нэг жолооч өдөрт 8,238.6 төгрөг, жилд 1.7 сая гаруй төгрөгийн шатахууны зардлыг зөвхөн түгжрэлд алддаг аж.

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоог техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.

Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал буурахын зэрэгцээ аюулгүй, найдвартай, тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээврийн шинэ тогтолцоо бүрдэх ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0