Мэдээ уншиж байна...

Админ 10 цаг 53 минут (0) (21)

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлоготой уялдуулна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Мусонда Мумбаг наймдугаар сарын 17-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол болон биологийн олон янз байдлын алдагдал харилцан уялдаатай болж буй өнөөгийн нөхцөлд ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлоготой уялдуулах асуудлыг хэлэлцжээ.

Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын хувьд ус, намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх нь газрын доройтол, цөлжилттэй тэмцэх байгальд суурилсан үр дүнтэй шийдлийн нэг болохыг онцолсон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, хуурайшилт нэмэгдэж байгаа үед усны нөөц, намгархаг болон хүлэрт газрыг хамгаалах нь экосистемийг хадгалахаас гадна хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтойг талууд тэмдэглэжээ.

Монгол Улс COP17-ыг даргалагч орны хувьд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц болон Рамсарын конвенцын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Мусонда Мумба Монгол Улс олон улсын ач холбогдол бүхий намгархаг газрын хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр ахиц гаргаж байгааг тэмдэглээд, цаашид ус, намгархаг газрын хамгааллыг өргөжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Монгол Улс 1998 оны дөрөвдүгээр сарын 8-нд Рамсарын конвенцод нэгдсэн бөгөөд одоогоор нийт 1,439,530 га талбай бүхий олон улсын ач холбогдолтой 11 намгархаг газартай. Эдгээр газар нь усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалахын зэрэгцээ тухайн экосистемээс хамааралтай иргэдийн амьжиргаанд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0