Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa)-ын Ерөнхийлөгч бөгөөд Сенегалын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар болон Африкийн хотууд газарзүйн хувьд алслагдсан ч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, ногоон шилжилт зэрэг ижил төстэй сорилттой тулгарч байгааг онцолж, хотуудын түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
Улаанбаатар хотын зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот орчмын газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлагаа танилцуулжээ.
Харин Сенегалын Ндиоб хотын зүгээс агроэкологи, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцсан байна.
Талууд цаашид хотын уур амьсгалын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр туршлага солилцож, ногоон шилжилт, агроэкологи болон байгальд түшиглэсэн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцлов.
Мөн Африкийн хот, орон нутгийн засаг захиргаадыг нэгтгэдэг UCLG Africa болон Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, хотуудын сүлжээгээр дамжуулан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ.
Уулзалтын үеэр COP17 болон Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “Хотын дарга нарын чуулга уулзалт” нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хот, орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд онцоллоо.


Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.