Мэдээ уншиж байна...

2020/07/15 (0) (486)

Итгэх эсэхээ өөрөө л мэд...

Бид эхээс төрсөн цагаасаа хачирхалтай сонин зүйлстэй их учирдаг шүү дээ. Санаанд оромгүй олон үйл явдал дэлхий ертөнц дээр хаа сайгүй л болж байдаг. Бид та бүхэндээ энэ үйл явдлуудын нэгээхэн хэсэг болох сонин тохиолдлуудыг хүргэж байна.


1664 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усанд онгоц осолдож, живжээ. 1785 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сүйрч живэв. 1866 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгүй та тэгээд юу гэж, осол гардаг газар л байгаа биз гэж байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бүр ганцхан хүн амьд гарч, бүгд Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сүйрлийн тэмдэглэл хөтөлдөг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэн үлдээсэн байдаг.


1930 онд Америкийн Техас мужийн эргүүлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагvй үхэх байсан түүнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа авто осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хүн зам дээр хэвтэж байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогүй бол гарцаагүй үхэх байв. Хамгийн сонирхолтой тэр хүн нь өөрийнх нь амийг аварч байсан Альфред Томас байжээ.


1911 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн «Нью-Йорк геральд» сонинд нэгэн мэдээ нийтлэгдсэн байдаг. Түүнд Лондон хотын Гринберри Хилл гэдэг газар Эдмунд Берриг алсан хэрэгт яллагдсан гурван гэмт хэрэгтэн дүүжлэн цаазалсан тухай өгүүлсэн байв. Хамгийн хачирхалтай нь тэр гурвын нэгийг нь Грин, нөгөөг нь Берри, гурав дахийг нь Хилл гэдэг байжээ.


Жеймс Льюс, Жеймс Спрингер нэртэй хоёр ихэр нь Огайо мужид төрсөн ч хоёр өөр гэр бүлд өргөгдөж тус тусдаа өсчээ. Ингээд 1979 онд 39 настайдаа анх уулзалдахад хоёул Линда гэсэн адил нэртэй эмэгтэйчүүдтэй гэрлэж байгаад салсан, нэг, нэг хүүхэдтэй түүндээ адилхан Жеймс Алан гэсэн нэр өгсөн, хоёулаа цагдаа болж, амралтаа Флорида дахь нэг амралтын газар өнгөрүүлж байсан төдийгүй нэг хоббитой байснаа мэдээд их гайхацгаажээ.


Дөрвөн настай Рожер Лозьер гэгч хүүг АНУ-ын Салем хотын ойролцоох далайд живж байхад нь Элис Блэйз нэртэй эмэгтэй аварчээ. Yүнээс найман жилийн дараа 1974 он Рожер 12 настайдаа мөн нөгөө газраасаа живж байгаа эрэгтэй хүнийг аварсан нь цагтаа өөрийнх нь амийг аварч байсан Элис Блэйзийн нөхөр нь байж таарчээ.


Детройт хотноо нэг жаалхүү 14 давхрын цонхоор унасан боловч Жозеф Фиглок нэртэй хүний дээрээс унасныхаа ачаар амьд үлдсэн байна. Жилийн дараа яг тэр өдөр нь өөр нэг хүүхэд тэр цонхоор нь унахдаа хүний дээр таарч, амьд үлджээ. Тэр хүнийг нь мөн л Жозеф Фиглок гэдэг байж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0