Мэдээ уншиж байна...

2020/07/26 (0) (486)

Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул 2020 оны 7дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо. Улиастай сумын иргэн 39 настай Д нь 7 хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодог хийж идсэн байна. Одоогоор халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй. Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлажээ.

Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1. Цагдаагийн байгууллага нэгдүгээр хавьтлын 9 хүнийг гэрийн тусгаарлалт, хяналтад авах

2. Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах

3. Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас гарах, орох хяналтын найман цэг дээр нийтийн болон хувийн тээврийн  хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар тус тус шийдвэрлэлээ.

Шинжилгээг Бямба гарагийн 15:00 цагт авсан бөгөөд эхний хариу 48 цагийн дараа гарна.  Завхан аймгийн 17 сум тарваган тахлын голомттой. Иймд ард иргэд олуулаа нэг дор цуглахгүй, тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй байх, хорио цээрийн дэглэмийг сайтар сахихыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0