Мэдээ уншиж байна...

2019/06/05 (0) (16097)

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжиж чадна

/Хөгжлийн бэрхшээл гэдэг үгнээс татгалзья/

Энэ үеэр дэлхий дээр нэг тэрбум гаруй  тусгай хэрэгцээт иргэн амьдарч байгаагийн 200 сая гаруй нь хөдөлмөрлөх эрхтний бэрхшээлтэй. Гэвч энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж, насны хувьд залуужиж байгааг ДЭМБ анхааруулж байна. Дэлхийн бүх улс орныг хамарсан судалгаанаас харахад эдгээр иргэд эрүүл мэнд, боловсролын тусламж, үйлчилгээг хангалтгүй авдаг бөгөөд эдийн засгийн хувьд ихэнх нь оролцоогүй байдаг аж. Монголд ч өнөөдөр нөхцөл байдал тун хүнд байна.

Тусгай хэрэгцээт иргэдэд үзүүлэх хамгийн том тусламж бол сэргээн засалтын эмчилгээ. Мөн сэтгэл зүйн эрүүлжих дадал, хэвшлийг бий болгох. Сонсголгүй, хараагүй болсон иргэдийг сонсголтой, хараатай болгохын төлөө шаардлагатай эмчилгээ, тусламжийг хүргэдэг болох шаардлага бий. Үүнээс гадна амьдралын чанарыг нь сайжруулах хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж, сэтгэл санаагаа засчихаад гэртээ харихад нь хоол ундгүй, хүйтэн орчин угтана гэдэг эргээд асар их дарамт болдог.

Зөвхөн Монголд ч бус дэлхийн өнцөг булан бүрт гаргүй, хөлгүй, сонсголгүйгээсээ болж тарчилж, өөртөө итгэх итгэлээ алдаж, нийгмээс тусгаарлагдаж, улмаас орлогын эх үүсвэргүй ядуу, тарчиг амьдарч байгаа сая сая хүн бий. Тэдний дунд бусадтайгаа адил тоглож, сурч боловсрохыг хүсэж мөрөөдсөн мянга мянган хүүхэд бий. Бүгдийнх нь ирээдүй, амьдралын төлөө эдгээр хүмүүст чиглэсэн бодлогыг сайжруулах шаардлага тулгараад байгаа юм. Гэвч Монголын төр эдгээр иргэдээ “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ” алаг үзэж, хуулиар хүртэл үүнийгээ баталгаажуулж авчээ. Монгол Улсын Их хурал 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ хуулийг баталсан.

Зовж, шаналж, ганцаардаж, гачигдах, дутагдахын хэцүүг амсаж суугаа иргэдийн эрхийг хамгаалах ёстой хууль. Гэвч энэ хууль нэрнээсээ эхлээд л асуудалтай. Монгол Улсын Үндсэн хуулинд хүнийг ялгаварлан гадуурхахын эсрэг нарийн заалт бий. Гэвч энэ заалтыг үл тоож эрхэм улс төрчид нэг хэсэг хүнийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ”  хэмээн ялгаварласан байдаг юм. Хэсэг иргэдээ “Хөгжиж чадахгүй, бэрхшээлтэй” хэмээн нэршсэн иргэд, ард түмэн ч энэ дэлхий дээр тун цөөхөн. Тиймээс энэ нэршлийг “Тусгай хэрэгцээт” хэмээн өөрчлөх санал нэг биш хүнээс гардаг. Гэвч үүнийг сонсох хүн өнөөдөр тун цөөхөн байна.  Монгол Улсад захиалж авч болдоггүй хувь тавилан, зайлж тойрч гарч чаддаггүй осол аваараас болж хараагүй, сонсголгүй, эд эрхтний гэмтэлтэй болсон 103,630 иргэн 2017 онд бүртгэгдэж байсан байх юм.

Харин энэ тоо 2018 онд 105 730 болж 2100-гаар нэмэгджээ. Эдгээр иргэдэд тусгай хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч ирдэг. Харааны шилнээс эхлээд таяг, тэргэнцэр, сонсголын аппрат, хиймэл эд эрхтэн хүртэл тэдэнд хэрэгтэй. Олон улсад ч эдгээр иргэдийг “Тусгай хэрэгцээт хүмүүс” хэмээн нэрлэж заншсан. Харин бид эдгээр иргэдээ басамжлах мэт “Хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн нэрлэсээр байна. Энэ иргэд хөгжиж чадна. Тэднийг хөгжүүлэх, тэдэндээ дэмжлэг үзүүлэх учиртай хүмүүс нь бид нар. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй гэдэг басамж үгийг солин “Тусгай хэрэгцээт иргэд, тусгай хэрэгцээт хүүхдүүд” хэмээн нэрлэхийг уриалж байна.

Саяхан болтол Монголчууд “Тахир дутуу хүмүүс” хэмээн нэрлэж ирсэн. Үүнийг өөрчилж, “Хөгжлийн бэрхшээл” гэдэг үгээр бид сольж чадсан. Харин өнөөдөр энэ нэршлийг “Тусгай хэрэгцээт” гэдэг үгээр солихыг  www.shudarga.mn  сайтаас уриалж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжиж чадна. Тэднийг битгий басамжил, битгий ад шоо үз...

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0