Мэдээ уншиж байна...

2021/01/18 (0) (896)

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна

Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандын хэлснээр, “ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой тусгаагүй. Энэ нь Үндсэн хуультай нийцэхгүй, зөрчилдөж байна” хэмээн мэдэгдлээ.

Тиймээс ХҮН энэ асуудлаар Үүндсэн хуулийн Цэцэд хандаж байгаа юм байна. Тэрбээр, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Энхбаяр, Н.Багабанди, П.Очирбат тэргүүтэй хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг удаа 6 жилээр сонгогдон ажиллахаар хуульчилсан тул энэ тодорхой заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн зарим хууль тогтоогчдын “Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж болохгүй. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох боломжтой” хэмээн тайлбарлаж буйд тус намын Хуулийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх “Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацааг хоёр жилээр сунгах хууль зүйн боломжгүй” хэмээн мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгуулиар таван эрхэм 4-8 жилээр сонгогдон ажилласан. Тэд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдсөн тохиолдолд 8-10 жилээр ажиллах нөхцөл үүсэх тул Хөдөлмөрийн Үндэсний намынхан ийнхүү Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0