Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 02-ны өдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийж, баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсний дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн ордонд хүрэлцэн ирлээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчилэв.
Төрийн тэргүүн нар Цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлээд Монгол болон Оросын талын төлөөлөгчдийг харилцан танилцууллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга А.В.Гордеев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песков, Эрчим хүчний сайд А.В.Новак, Эдийн засгийн хөгжлийн сайд М.С.Орешкин, ОХУ-ын БНБуриад улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, Батлан хамгаалахын орлогч сайд А.В.Фомин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд И.К.Азиков нарын төлөөлөгч багтаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дурсгалын зураг татуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзахаар Төрийн хүндэтгэлийн гэр өргөөг зорьсон. Та бүхэнд фото мэдээг толилуулъя.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.