Монгол Улсын Засгийн газар 2019 оны есдүгээр сарын 4-ний лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Засгийн газар 2011 онд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай” журмыг анх баталж мөрдөх явцдаа хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Журам хэрэгжиж, малчдад ноосны урамшуулал олгож эхэлснээр малчдын орлого нэмэгдэж, ноосоо тушаах идэвх сэргэж, үйлдвэрлэлийн хүчин чадал тоо хэмжээ, нэр төрөл, ажлын байр нэмэгджээ.
Мөн орон нутагт ноос угаах, самнах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд олноор ашиглалтад орсон нь ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, өртөг багатай чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад хувь нэмрээ оруулсаар байна. Цаашид ноос ноолууран түүхий эдийн бүрэн боловсруулалтыг Улсын хэмжээнд 60 хувьд хүргэх зорилт тавьж байна. Иймд урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж, нэмэгдүүлэхээр болов.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.