Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. 2022 оны Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.
2022 онд Монгол хэл бичгийн шалгалтыг 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно. Шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.