Сэтгэгдэл 0
2022 оны 10-р сарын 14
... Түүний эзгүй яг 333 өдөр өнгөрчхөж. Өнөөдөр түүний Мөрөөдлийн тоглолт болоход хэдхэн цаг дутуу байна. Монгол орны амьдрал хүнд тэр цагт урлаг соёлоор үеийн залуусыг байлдан дагуулж, урьд өмнө нь байгаагүй барууны хэв маягийг тайзнаас үзүүлэх царайлаг залуу үнэндээ гэрлийн хурдаар од болсон юм. Гэхдээ тэр энэ үеийг ярьж онгирдоггүй.
Хэрвээ, хэрвээ ....өнөөдөр байсан бол даруу нь дийлээд бас л онгирохгүй л дээ, бас. Гэхдээ хаа ч явсан олныг дагуулж явдгаараа аль эртээ УБ паласед оччихсон, тайзны ард ёстой л бужигнуулж суугаа даа. Дотроо бол бас жоохон түгшсэн байх ч ил гаргахгүй болов уу. Шанаагаа тулж сэм сэм бодлогошрох ч амархан нууна. Зориод ирсэн бүхнийг найрсагаар тэврээд, чанга чанга инээгээд л. Гэсэн атлаа онгироо зангүй. Хуруу гар нь эвдрээгүй, зөөлхөн бас дандаа дулаахан. Хэзээ ч хар ажил хийж үзээгүйг нь дороо л илтгэнэ гээч. Ямар сайндаа л нэг удаа Барс захаар шуудай будаа авч, үүрснээ ярьж инээдэм болж билээ. Ер нь баяртай үедээ нэг их чанга инээдэг юм. Бас ямар нэгэн юманд дандаа л яарна. Одоо бодоход ирээд энэ буцах энэ хугацаанд амжуулах гэж л адгаж явж гэлтэй.
Нийгэм солигдож, хөл толгойгоо олохгүй шахам “тэвдэж” явсан үе. Харин тэр урлагт үнэнч хэвээр. Латиф агсан түүнийг 17-тойд буцсан гэдэг. Хөөрхий ээж нь нутаг усаа бараадан, өсөж торнисон хотоосоо нулимс дүүрэн нүүдэл хийсэн тэд. Ботгын нэг ярианд гардаг юм. “...Намар болохоор ээжийгээ их өрөвддөг байлаа. Намрын хүйт орохоор хөөрхий ээжийн минь инээх нь багасаад. Цаанаа л нүдэнд нь гуниг хургаад ирдэг юм. Өрх толгойлсон эх хүнд юу эс бодогдох вэ. Өнчин үлдсэн хэдэн хүүхдээ өвлийн уртад дааруулахгүй, өлсгөхгүй давчих сан гэсэндээ тэр биз дээ” гээд ихээ намуун дуугаар гунигтай ярьж байсан нь сэтгэлд үлджээ. Энэ удаад ээжийнх /ээжийгээ дандаа л МИНИЙ ЭЭЖ ээ гэдэг сэн/ нь хувьд урд урдаас илүү зэвэргэн намар болж, өр эмтлэн суугааг нь бодохоор өрөвдөнө.
... Буурал хатуу хорвоо яагаад ийм юм бэ
Бурхан ч даахгүй зовлонг үүрч
Ээжүүд минь юунд шанална вэ
Буян нүглийн аль нь ч таны дэргэд юу ч биш ээ
Буцах цагийн намрын шувууд намартаа эргэж ирнэ ээ.
Бурхан ч даахгүй зовлонг үүрч
Ээжүүд минь юунд шанална вэ
Буян нүглийн аль нь ч таны дэргэд юу ч биш ээ
Буцах цагийн намрын шувууд намартаа эргэж ирнэ ээ.
Насан туршийн гэрэлт наран ээж минь
Намайг гэсэн сэтгэл чинь хүүд чинь үнэтэй
Уйлж дуулах хорвоогийн жамыг бүгд дагадаг ч
Ухаарч ойлгоод хүү нь тантайгаа л байх сан даа ээж ээ... /Л.Байздагийн үг, ая. “Гэрэлт наран ээж”/
Намайг гэсэн сэтгэл чинь хүүд чинь үнэтэй
Уйлж дуулах хорвоогийн жамыг бүгд дагадаг ч
Ухаарч ойлгоод хүү нь тантайгаа л байх сан даа ээж ээ... /Л.Байздагийн үг, ая. “Гэрэлт наран ээж”/
Одоогоос хэдэн жилийн өмнө энэ дууны анхны сонсогч болохдоо хожмын өдөр сэтгэл сэмрэн сонсоод, Мөрөөдлийн тоглолтын нь өмнө үзэг цаас нийлүүлнэ гэж санасангүй дээ. Тийм ээ, тэр буцах хүртлээ урлагаас урваагүй. Үнэнч явсаар дууссан. ...Майкл Жексон, Хүүхдийн ордны “Цэцэг” хамтлаг, Багшийн сургуулийн хөгжмийн ангийнхан, “Байзада ба түүний нөхөд” хамтлаг тэр чигээрээ түүний бүхэл бүтэн амьдрал байлаа. Энэ нь дурласан, бас хайрласан бүсгүйчүүдийн дургүй хүргэх бол энүүхэнд. Арга ч үгүй дээ. Байнга л шинэ юм хайгаад л ... хайгаад л. Заримдаа хайж яваад уйлна, тэгснээ баярлана, зарим нь ойлгохгүй бол бухимдана. Сэтгэлээр уначихаж гэж бодтол дүүлэн ниснэ. Магадгүй ингэж хайж явсаар ядарсан ч юм бил үү. Хамгийн сүүлд эхнэртээ “Би маш их ядарч байна. Зүгээр л унтмаар байна” гэсэн гэдэг.
Уйтгартайгаар дохио өгөх хөлөг онгоцны дуу
Урьд орхигдсон хайрын дурсамжийг сэдрээхэд
Үүргэвчээ үүрээд холын аянд гарахдаа
Үйрч унасан тамхиндаа харамсаад яах вэ
Харамсаад яах вэ хорвоо... /Л.Байзадагийн ая “Тавтай морил”/
Урьд орхигдсон хайрын дурсамжийг сэдрээхэд
Үүргэвчээ үүрээд холын аянд гарахдаа
Үйрч унасан тамхиндаа харамсаад яах вэ
Харамсаад яах вэ хорвоо... /Л.Байзадагийн ая “Тавтай морил”/
Тийм ээ, тэр үүргэвчээ үүрээд урт холын аянд гарсан. Гэхдээ хийсэн бүтээлүүд нь хүмүүний энэ амьдралд эгшиглэсээр л байна.
ХАЙРТАЙ ШҮҮ МОНГОЛ МАЙКЛ МИНЬ
П.Ундраа
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.