Мэдээ уншиж байна...

2023/01/06 (0) (1074)

Монгол Улсын Гавьяат багш, Зурхайч Я.Аюурзана: Нэг өдрийн зурхайн мэдээллийг нэг хуруу дарам зайд багтаасан

 
Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдээс жил бүрийн шинэ оны босгон дээр “Цаг тооны бичиг”, “Зурхайн өврийн дэвтэр”-ийг планерын хамтаар хэвлүүлэн гаргадаг уламжлалтай. Энэ тухайгаа тус хийдийн зурхайч, МУ-ын Гавьяат багш Я.Аюурзана ийнхүү ярьж байна.   
 
- 2023 оны “Цаг тооны бичиг”  худалдаанд гарсан байна. Үүнийг “тайлж” уншихад учир байна уу. Тухайлбал, шүтэн барилдлага, барилдлага, дүвзий, жэдзий гэхчилэн ямар учиртай вэ?
 
- Туулай жилийн “Цаг тооны бичиг”-ээ зохиож, хэвлэн гаргалаа. Олон жил өдөр тутам үйл ажиллагаандаа тогтмол хэрэглэж хэвшсэн олон хүн байдаг юм. Монголчууд нарны /аргын/ тооллыг хэрэглэхийн зэрэгцээ сарны /билгийн/ тооллыг хэрэглэж явдал мөрөө тэгшитгэж явдаг ард түмэн. Цаг тооны бичгийг хэрэглэснээр аливаа эрсдэлээс сэргийлж, гариг эрхсийн эерэг нөлөөллийн дор ажил үйлээ хийж, цаашдын үйлсээ тэгшилж явахад тусалдаг юм. Энэ “Цаг тооны бичиг”-т жил, сар, өдөр /арга, билгийн/, жил өдөр, өдрийн мэнгэ, өдрийн суудал, тухайн өдөрт эрхшээж буй дүвзий литийн саран од, наран од, жэдзий литийн саран од, сар ба жил өдрийн учрал бүхий эзэн тэнгэр, тухайн өдрийн од гаригийн махбодын барилдлага, орд хийгээд өдрийн шүтэн барилдлага зэргийг тайлбарын хамт оруулсан нь сайн өдөр цагийг сонгох болоод бусад олон үзлэгт ашиглах боломжийг сайтар хангасан юм.
“Цаг тооны бичиг”-ийг сайн өдөр сонгоход хэрэглээд зогсохгүй жилийн ноён нуруу болоод өөрийнхөө жилийн төөргийг харж арга засал хийлгэж анхаарах зүйлээ мэдэж, эрсдэлээс зайлах, зурхайн үзлэгүүдийг ашиглан зам мөрөө тэгшилж явахад ашигладаг. Ийм учрыг мэдэж ашиглах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
 
- Та тухайлбал, өдөр бүрийнхээ зурхайг хардаг уу?
- Өдөр бүр харалгүй яах вэ. Өөрийн үйл ажиллагаандаа хараад зогсохгүй бусдын үйлд туслахад үүнийг л ашиглана шүү дээ. Ажил үйлээ эхлэх, ирэх явах, нүүх суух өдрийг үзэх, бэрийн үйлд сайн өдрийг сонгох, шинээр төрөгсдийн төөрөг зурах, нас барагсдын зурхай /алтан сав/ гэх мэт зурхайн үзлэгт “Цаг тооны бичиг” чухал хэрэгтэй юм. 
 
- Уламжлал ёсоор оны өмнөхөн туулай жилийн “Зурхайн өврийн дэвтэр” хэвлэгдэн гарчээ. Энэ жижигхэн номыг “ноортол” нь элээсэн байхыг олонтаа харсан. Учир юу байна вэ?
- “2023 он-Туулай жил Зурхайн өврийн дэвтэр” хэвлэгдэж ашиглахад бэлэн болсон. Энэ нь аргын тоог голлож, билгийн тоог дагуулж зохиосон болохоор 1 дүгээр сарын 1-ээс эхлэн 12 дугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр хэрэглэдэг юм. Жил өдрийг амьтдын дүрсээр нь, таван махбодынх нь өнгөөр ялган. Дашням, Балжинням, модон хохимой, тэрсүүд тухайн өдрийн гариг одны махбодын барилдлага, билэгт сайн өдрүүд, үс засуулах, хутганы ир өдөр, лусын буулттай өдөр, эмчилгээ эхлэхэд муу өдөр, зам мөрд гарахад муу өдөр гэх мэт сайн муу өдрүүдийг дүрс болон үсгээр тэмдэглэж, нэг өдрийн зурхайн мэдээллийг нэг хуруу дарам зайд багтаасан нь хармагц нэн ойлгомжтой, ашиглахад хялбар болгосон нь ямар ч хэлтэй, ямар ч насны хүн ашиглаж болдог юм. Ийм болохоор хүмүүс жилийн турш өдөр бүр эргүүлэн харж, ажил үйлсээ төлөвлөж, тэмдэглэж бичих зэргээр ашигласаар элэгдэж ноордог юм.
 
- Хавтасны зургаасаа эхлээд л бүгд утга учиртай байх нь ээ. Илүү тодруулж тайлбарлаж өгөөч.



- “Зурхайн өврийн дэвтэр”-ийн хавтасны нүүрэн дээр 12 жилээ гал, шороо, төмөр, ус, мод  гэсэн таван махбодын өнгөөр ялгаж байрлуулсан цагийн хүрдний зураг тавьсан. Энэ нь гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий гэсэн найман суудалд ямар ямар жил байрлаж, тэдгээр жилийн хүү, нөхөр, дайсан, эх гэсэн амин махбодын шүтэлцээг үзүүлсэн байгаа юм. Тухайлбал: Бар жилтэй хүн модон амьтай, түүний хүү махбод нь гал /могой, морь жилтэн/, нөхөр махбод нь шороо /луу, хонь, нохой, үхэр жилтэн/ дайсан махбод нь төмөр /бич, тахиа жилтэн/, эх махбод нь ус /гахай, хулгана жилтэн/ гэх мэтээр ойлгож ашиглана. Бас эрхтэн махбодын барилдлагыг 52-р хуудсанд хүснэгтээр үзүүлсэн байгаа. Энэ барилдлагууд нь хань ижил болох хүнээ болон хамтарч ажиллах хүнээ сонгоход чухал хэрэгтэй үзүүлэлт юм. Жилийн 24 улиралд бие хийгээд ажил үйлсээ зохицуулах, мөн амьдралын олон үйлдээ зурхайн бусад үзлэгүүдийг ашиглан явдал мөрөө зөв зохицуулж эрсдэлгүй байх боломжийг энэхүү “Зурхайн өврийн дэвтэр”-ээр олгосон байгаа.


 
Хавтасны ар талд нь Дүйнхор /Цагийн хүрдэн/ Бурханы тарнийн найман түмэн дөрвөн мянган /84000/ үсгийг арван үсэгт хураан чуулган болгосон номын хураангуй “Намжувандан” /Асар эрх төгөлдөр арав/ байгаа. Энэ нь цаг ийгээд, зүгийн гай зэтгэр, барцад саад, өвчин зовлон, үхэл хагацал, хулгай дээрэм, элдэв муу ёр, бузар дэв, хэл амыг зайлуулж, ээл ивээл буян хишгийг дэлгэрүүлдэг тустайг бодож энэ жижиг номыг өвөртөө биедээ авч явууштай юм хэмээн “Өврийн дэвтэр” гэж нэрийдсэн юм.
 
“Цаг тооны бичиг”-ийн хавтасны ар талд “Намжувандан” тавьсан нь таны байгаа газар орон, гэр байшинд элдэв муу ёргүй, ээлтэй байхын тухайд тавьсан юм.


Харин “Цаг тооны бичиг”-ийн нүүрэн талд номин эрдэнийн өнгөтэй таван өнгийн гэрэл цацруулан 3000 ертөнцийг гийгүүлж, өвчин зовлон зуурдын үхлээс сэргийлэх, хүслийг биелүүлэх увдистай чандмань эрдэнэ /манай Манба Дацангийн бэлгэ тэмдэг/ байрлуулсан байгаа нь гэр орон, ажлын байранд нь өлзий хутаг оршиж, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхыг бэлгэдсэн юм.
 
- Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
- “2023 оны планер –Үзэсгэлэн үйлдэгч Туулай жил” хэвлүүлж гаргасан. Энэ нь бүх сар, өдрүүдийн зурлагыг нэг хавтгайд байрлуулсан нь ажлаа төлөвлөж, хийсэн зүйлээ тэмдэглэдэг ажил хэрэгч хүмүүст нэн хэрэгтэй байдаг юм. “Цаг тооны бичиг”, “Зурхайн өврийн дэвтэр”, “Планер”-аа байнга ашиглаж гариг эрхсийн сөрөг нөлөөллөөс сэргийлж, эрсдэл зовлонд учрахгүй байж, ажил үйлс нь өөдрөг, эрүүл энх, жаргал цэнгэлээр дүүрэн байхын ерөөлийг уншигч та бүхэндээ өргөе.
П.Ундраа 
 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0