Мэдээ уншиж байна...

2019/11/21 (0) (6551)

“Алтан дэлхийн атаат дайсан”

Монгол Улс минь дэлгэр зундаа ганган ногооноороо, алтан намартаа шаргал гоёхоноороо, мөнгөн өвөлдөө цасан цагаанаараа, урин хавартаа уужим дэлгэрээрээ үүрд мөнхийн сэтгэлд дулаан, үр өгөөжтэй баян хангайд өсөж торниж буйдаа хүн бүр талархах хэрэгтэй.

Бидний оршин буй хүрээлэн орчин үргэлж сайхнаараа байхад бидний сэтгэл, шунал үргэлж хувьсан өөрчлөгдөж эх дэлхийгээ үгүй хийхэд хүртэл хүрч байна.

Модны үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авж их бие, навч мөчир руугаа дамжуулна. Мөчрүүд нь цэцэг навч болон үр жимс гаргана. Модны их бие нь холтсоор бүрхэгдсэн байна. Навч нь нарны гэрлийг хүлээн авах ба голдуу ногоон, улирлаас шалтгаалан шар, улаан гэх мэт өнгөтэй болох бөгөөд мөнх ногоон ч байна. Олон янзын хэлбэр, хэмжээтэй. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй байдаг.

Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч байгаль эх дэлхийгээ үл хайрлан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг улсын хэмжээнд 2019 оны эхний 09 сарын байдлаар 154 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 43 буюу 38.4 хувиар өссөн нь үнэхээр харамсалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар тогтоолоор “Мод тарих үндэсний өдөр”-ийг зарласан. Энэ өдрүүдэд иргэд, албан байгууллага үүргээ ухамсарлан ирээдүйн хойч үе, байгаль эх дэлхийдээ тод тарьж байхад, зарим нь ургаж буй модыг шилж, сонгон хайр найргүй тасдах нь тэр.

Байгаль эх дэлхийгээ эрэмдэглэхдээ тэд ганц зулзаган модыг тайрч, тасдаад зогсохгүй газар эх ухаж, эд баялгийг хүртэл авдаг. Бид эх дэлхийгээ тарчлаан зовох биш, үргэлж арчлан хамгаалах ёстой хүмүүс.

Бид эх дэлхийгээ хайрлаж байж эрүүл орчинд амьдарна. Эрүүл орчинд ямар нэгэн өвчин эмгэггүй ажиллаж, амьдарч, сурч боловсорно. Эрүүл орчинд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүнээс ажлын бүтээмж гарч, улс эх орны хөгжил дэвшилд ч ахиц гарах юм.

Хөрст эх дэлхийгээ үргэлж хайрлан хамгаалж, үр хүүхэддээ ирээдүй болсон үрсдээ ямар их дэлхий хүлээж авсан яг тэр онгон дагшин байгалиа хүлээлгэж өгдөг хариуцлагатай болох нь бидний үүрэг гэдгийг хэлмээр байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0