Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад 3,716 зохицуулалттай этгээд, 2,376 даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж, санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгө ДНБ-ий 23.2 хувьтай тэнцсэн байна.
Хөрөнгийн зах зээл: Системийн нөлөө бүхий 2 банк олон нийтэд хувьцаагаа арилжиж нээлттэй хувьцаат компани болж, төрийн өмчит компанийн хувьчлал явагдсанаар зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 15.2 хувиар өсөж 6.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн нийт 594.5 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсанаас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зах зээлд нийлүүлэлт ихтэй жил байлаа. Харин биржийн бус зах зээлд нийт 45 үнэт цаас гаргагч 52 компанийн бондыг гаргаж 498.3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.
Даатгалын зах зээл: Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 11.6 хувиар өсөж 474.9 тэрбум төгрөгт хүрснээр тогтвортой өсөлтөө хадгалж чадлаа. Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 483.4 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий зүйлсийг даатгажээ. Нийт хураамж өмнөх онтой харьцуулахад 23.6 хувиар өсөж 300.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Харин нөхөн төлбөрт хураамжийн орлогоос 94.4 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оноос 34.9 хувиар өссөн байна.
Банк бус санхүүгийн салбар: Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг өнгөрсөн онд хэрэгжүүлснээр нийт хөрөнгө өмнөх оноос 30.2 хувиар өсөж 3.5 их наяд төгрөгт хүрлээ.
Хадгаламж, зээлийн хоршоо: Салбарын хувьд нийт зээлийн үлдэгдэл өмнөх оноос 1.5 хувиар буурч 210.2 тэрбум төгрөгт хүрсэн ба чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оноос 0.2 пунктээр буурч 3.3 хувьд хүрсэн байна.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Нийт 1,705.3 тэрбум төгрөгийн худалдах, худалдан авах үйл ажиллагаа, 102.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлэх үйл ажиллагааг тус тус зуучилсан нь өмнөх оноос ихээхэн өсөлттэй гарлаа.
Үнэт металл, үнэт чулууны арилжаа: 47 хуулийн этгээд, 465 иргэн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр нь өнгөрсөн онд 670.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдсан бол 700.1 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авсан байна.
Салбаруудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид, сэндбоксын орчинд туршигдаж буй бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.