Мэдээ уншиж байна...

Админ 2023/03/07 (0) (37)

Азийн физикийн олимпиадад 30 гаруй орны төлөөлөл оролцоно

Азийн физикийн олимпиадыг зохион байгуулах үндэсний хорооны анхдугаар хурал боллоо. 23 дахь удаагийн олимпиад энэ оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох юм. Уг арга хэмжээ нь Монгол Улсад зочлох жилийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд засгийн газар тогтоол гарган зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан юм.  

23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад урьдчилсан байдлаар 30 гаруй орны 240 сурагч 60 багш оролцохоор байна. Манай улсын тухайд 2001 оноос хойш уг олимпиадад оролцож байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 3 хүрэл медаль, 4 тусгай байрын шагнал хүртжээ.

Монгол Улсад 1000 гаруй физикийн багш байна. Азийн физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулснаар багш нарын мэргэжлийн ур чадвар дээшилж, сурагчдын амжилт ахина. Олимпиадад 300 иж бүрэн лаборатори ашиглах бөгөөд олимпиадын дараа лабораториудыг Еөнхий боловсролын сургуулиудад хүлээлгэж өгөх юм. Ингэснээр сургалтын баазыг бид бэхжүүлж чадна.

Үндэсний хороо нь Академик, зохион байгуулалтын, сургалтын гэсэн 3 дэд хороотой. Академик хороо нь олимпиадын бодлого боловсруулах үйл ажиллагааг хариуцаж байгаа бол 1 сараас хойш үндэсний хэмжээний физикийн сургалтуудыг сургалтын хороо хариуцан зохион байгуулсаар байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Азийн Физикийн олимпиадад Нобелийн шагналт эрдэмтнийг ололцуулахаар урилга хүргүүлэн бэлтгэл хангаж байна.

Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар зохион байгуулалтын ажлын хуваарийг баталж, шаардлагатай санхүүжилтийг шуурхай шийдвэрлэхээр боллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0