Мэдээ уншиж байна...

Админ 2023/05/09 (0) (9)

Олон улсын валютын сангийн шинээр томилогдох суурин төлөөлөгчтэй уулзлаа

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ОУВС-гаас Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ирээд буй Тигран Покхосеныг 2023 оны тавдугаар сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад хэрхэн анхаарч ажиллаж байгаа мөн ОУВС-тай хамтран  хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн явц, үр дүнгийн талаар санал солилцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан уулзалтын эхэнд “Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын гол арга хэмжээ, түүний үр дүнгүүд ОУВС-ийн хамтын ажиллагаатай шууд холбоотой. Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн өмчит компаниудын хувьчлал, банкны реформ, хоёр тулгуурт санхүүжилтийн тогтолцоотой болсон, хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нэлээдгүй гарсан гээд онцолбол манай хамт олонд хийсэн ажил их. Гэхдээ энэ бүхнийг хөрсөн дээр нь буулгаад бодит ажил болгоход ОУВС-ийн хувь нэмэр ихээхэн байсан” гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр энэ онд болон цаашид урт хугацаандаа хамтын ажиллагаагаа улам нэгтгэх, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, зөвлөгч түнш нь байхыг хүслээ.

Ноён Тигран Покхосен ч Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэхэд хамтран ажиллахад хэзээд таатай байна гэдгээ илэрхийлсэн юм. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан мөн энэ үеэр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч асан Юн Сок Хёнд Монгол Улсад ажиллах хугацаандаа найрсаг хамтран ажилласанд хувиасаа болон хамт олон мөн зохицуулалттай салбаруудынхаа оролцогчдын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, өнгөрсөн жилүүдэд бий болгосон хамтын ажиллагаа, зөвлөмжийг амжилттай хэрэгжүүлж ажилласан бөгөөд энэ бүхэн нь манай улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсанд талархалтай байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0