Сэтгэгдэл 0
Хур цас, мөсөн голын усны тэжээлтэй голын сав газрын эхэнд усны хуримтлал бүрдүүлж, зохистой ашиглах дэд бүтцийг байгуулах нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чухал нөлөөтэй. Иймээс энэ чиглэлээр анхаарал хандуулан ажиллах чиглэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өгч ажиллаж байгаа.
Энэ хүрээнд Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл (ADAPT)-ийн хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Ховд аймагт нэн тэргүүнд барьж байгуулах хөв цөөрмийн байршлуудыг тодорхойлохоор энэ сарын 13-22-ны өдрүүдэд тус аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг хөв цөөрөм байгуулах боломжтой нийт 12 байршлын газар дээр очиж танилцан, ус хурах талбай, тэжээгдэл, газар зүйн таатай нөхцөл байдлыг судалж, анхан шатны хэмжилтийг хийж баталгаажуулна.
Мөн хөв барих боломжтой байршлуудын хэрэгцээ, шаардлага, судалгаа, зураг төсөл, барилгын ажлын хамрах хүрээ, төсөв зэргийг урьдчилсан байдлаар тодорхойлох юм.
Усны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар нуур Ховд Сав газрын захиргаа, Үенч-Бодонч, Булган голын Сав газрын захиргааны мэргэжилтнүүд, усны барилгын инженер, зөвлөх болон АДАПТ төслийн Ховд аймаг дахь зохицуулагч нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байна.
Хур цас, мөсөн голын усны тэжээлтэй голын сав газрын эхэнд усны хуримтлал бүрдүүлж, зохистой ашиглах дэд бүтцийг байгуулах нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, Мал аж ахуйн усан хангамжийг шийдвэрлэх чухал дасан зохицох ажил юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.