Мэдээ уншиж байна...

Админ 2023/06/07 (0) (9)

Хүүхдийн таргалалт 6.7 дахин нэмэгдсэн нь шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хүн амыг баталгаат хүнсээр хангах, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах зорилтыг дэвшүүлсэн.

Энэ зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг зохион байгууллаа. Чуулганд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон 21 аймаг, есөн дүүргийн сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, хүүхдэд зориулсан хүнс үйлдвэрлэгч зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Чуулганаар манай улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад сурч, хүмүүжиж буй 1.2 сая орчим хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах суурь асуудал эрүүл мэнд, хоол хүнсний хангамж, шим тэжээлийн асуудлыг хэлэлцэж буй юм.

“Хүүхдийн хоол” үндэсний чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт ирүүлсэн. Уг илгээлтэд "Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндийн үндсэн суурь асуудал болох хүүхдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлийн чанартай хүртээмжийг сайжруулах замаар нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх улс орны хөгжлийн үрийг эрүүл хөрсөнд тарьж, ургуулах нэгэн зорилгод сэтгэлээ зангидан ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого болох "Алсын хараа-2050"-д эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэдтэй болох зорилгыг дэвшүүлсэн. Энэ зорилгод хүрэхийн тулд нэн түрүүнд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах, эрүүл шим тэжээллэг хоол хүнсээр хангах, идэвхтэй амьдралын хэв маягтай, эрүүл эерэг хандлагатай иргэнийг төлөвшүүлснээр дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн болох бүрэн боломжтой. Иймээс хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамрагдаж байх хугацаанд нь хангалттай шим тэжээллэг хоол хүнсээр хангахад анхаарч малчид, тариаланчид, хүнс үйлдвэрлэгч нарт ээлтэй зохицуулалттайгаар аюулгүй хүнс, түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцлагын системийг нэвтрүүлэхэд төрийн байгууллага хувийн хэвшлийн оролцоо чухал" хэмээсэн байна.

Чуулганы үндсэн илтгэлүүдийг салбар хариуцсан сайд нар тавьсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн хоол-Боловсролд”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүүхдийн хоол-Хүнсний хангамж”, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Хүүхдийн хоол-Эрүүл мэнд" сэдвээр чуулганд оролцогчдод мэдээлэл өгч, хүүхдийн хоолны асуудлаар салбар бүрт анхаарч, хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид баримтлах бодлогоо танилцуулсан.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0