Мэдээ уншиж байна...

“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Ажлын дэд хэсгийн гишүүн Н.Отгончимэг хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн.

Тэрбээр Улсын Их Хурлын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөхүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчид, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны болон бусад яамдын хуулийн мэргэжилтнүүд, Монголын хуульчдын холбоо болон бусад мэргэжлийн байгууллагын хуульчид ажиллаж байгааг тодотгосон.
Ажлын дэд хэсгийн гишүүд эхний ээлжинд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий эсэхийг судлан, өөрчлөлт оруулах шаардлагатай бол ямар агуулгаар өөрчлөлтийг хийх талаар судалгаа хийн, үзэл баримтлалыг боловсруулахаар ажиллаж байгааг мэдээлсэн юм.
Энэ өдрийн хэлэлцүүлгээр шүүгч, судлаач Т.Мөнх-Эрдэнээр ахлуулсан баг Хууль тогтоомжийн хууль ба бусад улс орнуудын нийтлэг чиг хандлага, сайн туршлагын талаарх харьцуулсан судалгаагаа танилцуулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаар судлаач Т.Золбоо танилцуулга хийсэн.
Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Г.Агар-Эрдэнэ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, мэдээлэл солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0