Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх хүсэлтийг сонсож, хүлээж авах, шийдлийн санал солилцох нээлттэй уулзалтыг ЦХИХХЯ-ны зүгээс зохион байгууллаа.
Уулзалтад эрүүл мэндийн салбарт программ хангамж нийлүүлэгч 31 аж ахуйн нэгж, компаниуд бүртгүүлснээс 16 нь оролцлоо.
Уулзалтаар Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 дахь хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоох, үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална” гэж заасан бөгөөд тус хуулийн заалтын хэрэгжилт хангагдахгүй байгаа талаар дурдаж, дараах тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай талаараа санал хүсэлтээ илэрхийллээ. Үүнд:
1. Төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг зарлаж байгаа боловч бодит нөхцөл байдал дээр эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системтэй шууд өрсөлдөөн үүсэж байна.
2. Эрүүл мэндийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулахад төрийн 5-6 байгууллагатай шууд харилцаж, тэднээс өгч буй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байдаг. Иймд цаашид төрийн зүгээс эмх цэгцтэй бодлогоор хангах;
3. Төрийн байгууллагаас батлагддаг тушаал, журам, шийдвэрүүд нь ойрхон солигддогоос үүдэлтэйгээр түүнийг дагаж хийх мэдээллийн системийн хөгжүүлэлт, туршилт хийх хугацаа олддоггүйн улмаас нэвтрүүлэлтийн алдаа, доголдол гарч байна.
4. Статистикийн маягт эсвэл тодорхой тушаал, журамд нийцүүлэн программ хангамжийг хөгжүүлж байгаа нь өөрөө учир дутагдалтай бөгөөд олон стандарт аргачлалыг нэвтрүүлэх шаардлагатай байна.
Энэ мэтчилэн бусад асуудлын хүрээнд санал, хүсэлтээ илэрхийлж, тус яамны зүгээс цаашид судлан, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.