. . . “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны бүх л компани, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хууль, дүрмийг мөрдөж ажиллах ёстой...”
Монгол улсын засгийн газар “Рио Тинто Интернэшнл Холдинг Лимитед” компаний хооронд Оюу толгойн зэс, алтны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулжээ. Эрдэнэс Монгол ХХК-ын охин компани хэлбэрээр Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийг 2011 онд байгуулсан. Энэ компани Оюу Толгой ХХК-ын төрийн эзэмшлийн 34 хувийг төлөөлөн үйл ажиллагаа явуулж байна. Тус ордыг Рио Тинто компани 30 жил эзэмшинэ. Харин 20 жилээр 2 удаа сунгана.
Тус төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэлд тусгаснаар анхны хөрөнгө оруулалт 4.4 тэрбум доллар бөгөөд Монгол улс 2023 оноос хувь хүртэх байсан ч Дубайд талууд 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нэмж 11.4 тэрбум доллар болгосон. Ингэснээр бидний хувь хүртэх хугацааг 2041 он болгосон юм. Цаашдаа хөрөнгө оруулалт нэмэх тусам бидний хувь хүртэх хугацаа хойшилно.
Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш маргаан дагуулсан Оюу толгой ХХК-н удирдлагууд болон Хөрөнгө оруулагч гэх тал Монгол талыг үл ойшоож өөрсдийн дураар үйл ажиллагаа явуулдаг нь хэд хэдэн баримтаас харагддаг.
Баримт 1: Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ХХК-ний үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, 2009-2012 оны үйл ажиллагаанд шалгалт хийж ажилласан байдаг. Тус ажлын хэсгийн шалгалтаар Оюу толгой ХХК-ний үйл ажиллагаанд ноцтой дутагдлууд оршиж байгаа нь баримт, материалаар нотлогдсон.
Жишээ нь:
1. Ажлын хэсгийн танилцуулгад Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албан ёсны хэлний тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Татварын тухай, Гаалийн тухай, Компаний тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд болон НББОУС-ын холбогдох заалтуудыг зөрчсөн,
2. Хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйл, заалтыг хэрэгжүүлээгүй,
3. Зардлыг давхардуулан тооцсон,
4. Хөрөнгө оруулагчийн зээлийн үлдэгдэл зөрүүтэй,
5. Хүүгийн тооцоолол алдаатай,
6. Өрийн бичиг үүссэн нөхцөл ойлгомжгүй,
7. Хөрөнгийн бүртгэл, ерөнхий журналын дүн зөрүүтэй,
8. Улсын бүртгэлд бүртгэлгүй Төлөөлөгчийн газраар дамжуулан зардал гаргасан,
9. Менежментийн төлбөр нэршлээг зардал гаргасан ч Менежментийн төлбөр гэдэг нь чухам юуг хэлж, ямар ойлголт болох нь тодорхойгүй,
10. Худалдан авсан бараа материалын үнэ зах зээлийн жишиг үнээс хэт өндөр,
11. Аккруэл өглөгийн дансанд бүртгэгдсэн ажил, үйлчилгээ тодорхойгүй,
12. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэлт хангалтгүй, засвартай, дутуу, гэрээ контракт байхгүй
зэргээс шалтгаалан нийт 1.8 тэрбум ам долларын зөрчил дутагдал илрүүлсэн талаар дурдсанаас харахад тус компани Монгол улсын хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрддөггүй, түүний зүйл заалтыг хэрэгжүүлэх талаар авч үздэггүй, үл тоомсорлосон байдалтай ханддаг нь харагдаж байгаа юм.
Мөн Оюу толгой ХХК-ний зүгээс ажлын хэсгийн шалгалтыг бүрэн хэмжээгээр, чанартай явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгөөгүй, энэ чухал ажилд үл тоомсорлосон байдалтай хандсан нь шалгалтын танилцуулгаас харагддаг.
Баримт2: Төслийн анхны хөрөнгө оруулалт 4,4 тэрбум ам.доллар гэж тооцжээ. Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг Рио Тинто болон Оюу толгой ХХК-тай Монгол улсад оруулсан анхны хөрөнгө оруулалтад тооцогдох дүн 6.3 тэрбум ам.доллар байна гэж тэдэнтэй санал нэгдсэн мэт танилцуулгад тусгажээ.
Энэ дүн худлаа байх магадлалтай гэж хардлага төрүүлж буй гол баримт нь Монгол улсын гаалиар 2010-2012 оны хооронд орж ирсэн бараа, машин, тоног төхөөрөмжийн үнэ 1.5 их наяд төгрөг буюу 1.1 тэрбум ам.доллар, Оюу толгой ХХК-д Хятадын барилгын компанийн барьж ашиглалтад өгсөн нийт барилгын өртөг 1.1 тэрбум ам.доллар гэж засгийн газрын танилцуулгад дурдсанаас харахад Хөрөнгө оруулагч Оюу толгой төсөлд нийтдээ 2.2 тэрбум ам.долларын бодитой хөрөнгө оруулжээ гэж ойлгогдож байгаа юм. Үүнээс тус компанийг хөрөнгө оруулалтын дүнгээ зохиомлоор нэмж Монголын талыг алдагдалд оруулж байна гэж хардахаар байна.
Баримт3: Төсөлд оролцогч Айвенхоу Монголия ХХК 121.5 сая ам.долларын үнэтэй тоног төхөөрөмжийг Рио-Тинто Алкан ПТЕ ЛТД-д худалдсан. Гэтэл Рио-Тинто Алкан ПТЕ ЛТД энэ тоног төхөөрөмжийг Оюу толгой ХХК-д 195.4 сая ам.доллараар өөрийн хөрөнгийг өөрт нь 73.9 сая ам.доллар нэмж худалдсан байна. Үүнээс харахад Монгол улс уг төсөлд тавих санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт сулаас олж болох ашигаа алдаж байна гэж дүгнэж болохоор байна.
Баримт4: Люксембургийн хувь нийлүүлэгч 3.8 тэрбум ам.долларын зээл олгож, түүний хүү 289.4 сая ам.доллар нийт 4 тэрбум доллар болж байгаа нь уг чанартаа хувь нийлүүлэгч өөрөө өөртөө зээл өгсөн байдалтай ойлгогдож байгаа юм.
Бид энд Засгийн газрын ажлын хэсгийн тайлангаас дээрх дөрвөн баримтыг л иш татан харуулсан бөгөөд цаана нь зөрчил, дутагдал байж болзошгүй тодруулах, дахин шалгах шаардлагатай маш олон баримт байгааг цохон тэмдэглэе.
Уг асуудлыг олж харан Дубайн гэрээнд аудит хийсэн Монгол улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаас нь үндэслэлгүй зайлуулсан байдаг. Энэхүү ноцтой зөрчил дутагдалыг илрүүлэх гэсэн шударга нэгнийг Үндэстэн дамнасан корпораци Монголын улс төрчдийг хөлслөн замаасаа зайлуулсан байж болзошгүй гэж хардаж болохоор байна.
Д.Хүрэлбаатар аудиторын хэлсэнчлэн тус Оюу толгой төсөлд цогц аудитын шалгалт хийх эрхийг Төрийн Аудитын байгууллагад олгож, хяналтын тогтолцоог сайжруулж, хууль тогтоомж, журмыг мөрдүүлж зөрчил дутагдлыг арилгаж, ард түмний хяналтыг тогтоох нь зүйтэй юм.
Хэрэв ингэхгүй бол цаашдаа хөрөнгө оруулалт нэмэх тусам бидний хувь хүртэх хугацаа хойшилно. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар төрийн өмчийн 34 хувьд зээлийн болон хүүгийн төлбөр нийлээд 1.6 тэрбум ам.долларын өр ногдож байна.
Энэ мэт байдал үргэлжилсээр байвал Монгол Улс Оюу толгой төслөөс хэзээ ч ашиг олохгүй байх магадлалтай юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.