Мэдээ уншиж байна...

2020/05/18 (0) (580)

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдрөөс шалгаж, улмаар арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдлүүлэхээр НПГ-т шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Түүнд холбогдох хэргийг прокурор хянаад зарим зүйлийг зайлшгүй тодруулах шаардлагатай хэмээн өнгөрсөн оны сүүлчээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцаагаад байсан юм. ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр НПГ-аас яллагдагчаар тооцсон. Тэдэнтэй хамт “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарыг яллагдагчаар татаад буй. Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Чингис хаан” банкны дансанд байршуулж, дөрвөн сарын хугацаанд дансны үлдэгдлээс 1-1.3 хувийн хүү бодож нийт 86 сая гаруй төгрөг тус банкны удирдлагаас авсан гэж Ч.Алтанхуяг, Б.Баярхүү нарыг буруутгасан юм. Харин “Чингис хаан” банкийг Эрүүгийн хуулийн 22.5-3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” хэмээн заасныг үндэслэн яллагдагчаар татсан.

  1. Уг хэрэгт зайлшгүй хийхийг даалгасан прокурорын даалгаврыг АТГ-ын мөрдөгчид биелүүлээд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн байна. Хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаад хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл ирэх сард багтаан шүүхэд шилжүүлэх бололтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0