Мэдээ уншиж байна...

2020/05/15 (0) (925)

Эхчүүдийг дэмжсэн бодлого хамгийн ухаалаг бодлого

Монгол Улсад хүн шиг хэрэгтэй эрдэнэ үгүй. Хүн ам өсөхийн хэрээр улс орны тусгаар тогтнол батжина, бэхжинэ. Энэ утгаараа төрөлтийг дэмжих нь төрийн маш ухаалаг бодлого юм. Төрөлтийг дэмжинэ гэдэг нь эхчүүдэд үзүүлэх нийгмийн халамж, үйлчилгээг шинэ түвшинд гаргана гэсэн үг. Энэ бодлого У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд үндсэн философи нь байж  чаджээ. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг урамшуулах, нийгмийн баталгааг нь сайжруулах бодлогын цөм нь  хүн амынхаа өсгөх алсын хараа шүү дээ. Энэ бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд  эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болж байгаа юм. Жишээлбэл, 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг  6 жилээр  нэмэгдүүлэн тооцож, цалингаас тэтгэвэр бодох хувь 9 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.

Мөн 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн баталгааг  зорилготой  2017 онд батлагдсан  Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай  хуулийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа 200.0 мянган эхчүүдэд сар бүр 50.000 төгрөгийн тэтгэмж олгож байгаа юм. Тэтгэмжийн нэр нь “Цалинтай ээж”. Үнэндээ сар бүр 50.000 авна гэдэг нь хүүхдээ асарсанд нь төрөөс олгож байгаа цалин юм даа. Энэхүү тэтгэмжийн буяныг эхчүүд  2018, 2019 онуудад хүртсэн бол 2020 онд ч үргэлжүүлэн авахаар болсон байна.

Монгол Улсад өрх толгойлсон 6.7 мянган  эцэг, эх байдаг. Засгийн газрын хувьд энэ хүмүүсийг  хараа хяналтаасаа гаргах ёсгүй гэж үзэж улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 320 000 төгрөгийн тэтгэмж олгож байсан бол 2020 онд энэ тэтгэмжийн хэмжээ 420 000 төгрөг болж  нэмэгдлээ. Өрх толгойлсон хүмүүст төр гараа сунгаж, дэмжихгүй бол хэн дэмжих билээ? Тэгээд ч МАН нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг нэгдүгээр тавьдаг зүүний нам шүү дээ. Гоё ярьж тунхаглах нэг хэрэг, яг үзэл баримтлалынхаа дагуу бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадаж байгаад нь МАН, түүний Засгийн газарт алга таших нь зөв болов уу.

Засгийн газрын  Хүнээ гэсэн бодлогын үр дүн эхчүүдийн хүүхдээ асарч байх  хугацаанд нь шимтгэл төлсөн хугацааг тасрахгүй байхаар  хууль эрх зүйн орчин бүрдүүлснээр үргэлжилжээ.

Ингэснээр сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгохоор боллоо. Түүгээр ч үл барам  эхчүүдийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг  50 хувийг  тэтгэмжийн даатгалын сангаас болон улсын төсвөөс, 50 хувийг эх өөрөө  төлөхөөр болсон юм.

Япон улсын хөгжлийн өндөрлөлт хүрсний нэгэн нууц нь төрөлтийг дэмжиж, үр хүүхдүүдээ асрах боломжийг эхчүүдэд олгосонд байжээ. Гадаад хэргийн дэд сайд эмэгтэй нь “Би эх орондоо зөв хүн бэлтгэж өгөхийн тулд хүүхэддээ цагаа зориулах хэрэгтэй” гэж мэдэгдээд үүрэгт ажлаасаа чөлөөгдөж байсан түүхтэй. Гэтэл манайд эцэг, эх нь завгүй шахам ажиллаад, дунд нь үр хүүхэд орхигдож элдэв асуудалд орох тохиолдол гардаг. Нөгөө талаар амьдралын боломжоосоо шалтгаалаад  үр хүүхдийнхээ тоог нэмэх хүсэлгүй залуус ч бий. Ийм хандлага давамгайлбал хүн амын маань өсөлт удааширна. Харин эхчүүдэд үзүүлэх нийгмийн хамгаалал, халамжийн бодлого хэрэгжээд эхлэхээр Монгол Улсын ирээдүй илүү тод гэрэлтэнэ. Яг үүнийг л Засгийн газар олж харсан гэсэн үг.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0