Мэдээ уншиж байна...

2020/08/19 (0) (441)

ӨАБНУ: Бохир цагдаа нарын хувьд хар баасан гараг өнгөрлөө

Өмнөд Африк Улсын Авлигатай тэмцэх газар хулгай дээрэм, хар тамхины наймаа, хууль зөрчих зэрэг гэмт хэрэгт холбогдсон 23 цагдаагийн ажилтныг энэ наймдугаар сарын 7-ны баасан гарагт баривчлав.

Баривчлагдсан хүмүүсийн 12 нь 30-51 насны Өмнөд Африкийн цагдаагийн албаны албан хаагчид байсан ба ОР Тамбо олон улсын нисэх онгоцны буудал дахь авлигатай холбоотой гэмт хэргийн гурван жил үргэлжилсэн мөрдөн байцаалтын үр дүнд тэднийг баривчилжээ.

Цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч хурандаа Катлего Могалегийн хэлснээр сэжигтнүүдийн нэгнийх нь гэрээс нэг сая орчим Өмнөд Африкийн рандын бэлэн мөнгө хураан авсан байна. Цаашид энэхүү цагдаагийн албаны таван албан хаагчийг нэмж баривчлах ба тэдгээрийн нэг нь хөл хорионд тусгаарлагдсан байгаа ажээ. "Сэжигтнүүд ОР Тамбо олон улсын нисэх онгоцны буудалд хураан авсан хар тамхи, мансууруулах бодисоос хулгайлсан гэдгээ хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл нийт 20 авлигын хэргийг бүртгэсэн” гэж хурандаа Могале мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ Тшване хотын цагдаагийн албаны 32-49 насны 11 цагдаагийн офицерыг мөн Баасан гарагийн өглөө баривчилжээ. Эдгээр 1 эмэгтэй, 10 эрэгтэй албан хаагчдыг 2018 оны 11 дүгээр сараас эхэлсэн мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнд баривчилсан бөгөөд тэд замын хөдөлгөөний зөрчилтэй холбоотой хээл хахууль авсан болохоо хүлээн зөвшөөрсөн ажээ. Тэдний үйлдсэн гэмт хэргийн улмаас тус улсын авто зам дээр шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл жолоодсон болон зам тээврийн ноцтой хэрэг үйлдсэн этгээдүүд шийтгэлгүй үлдэх болно гэж хурандаа Могале хэлэв.

Эдгээр гэмт хэргийн шүүх хурлыг энэ долоо хоногийн Мягмар гарагт хийх ажээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0