Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн хүний нөөцийн офицер, ахмад М.ХИШГЭЭ:
-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. Зэвсэгт хүчинд 21 дэх жилдээ алба хааж байна. Нөхөр, охины хамт амьдардаг, миний хань мөн цэргийн хүн. Миний бие Афганистан Улсад Герман Улсын Зэвсэгт хүчний цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэж буй цэргийн хамгаалалтын XIII ээлжид буюу анх удаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улс энхийг сахиулах ариун үйлсэд цэргээ илгээж эхэлснээс хойш 19 жилийг үдэж, дэлхийн хэмжээнд цэрэг хандивлагч топ улсуудын нэг болжээ. Энэ хугацаанд НҮБ-ын болон НАТО-гийн ажиллагаанд Монголын энхийг сахиулагчид Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж үүргээ амжилттай биелүүлж байна. Манай цэргийн баг Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын хойд бүсийн цэргийн командлалын харьяанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд бидний үндсэн үүрэг бол баазын аюулгүй байдлыг хангах юм. Маш хариуцлагатай, өндөр сонор сэрэмж шаарддаг. Монгол цэргүүд ажиллагааны туршлага, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужил, бие бялдар, сэтгэл зүй гээд бүхий л талаараа бэлтгэгдэж, сургагдсан нь үүрэг гүйцэтгэлтийн явцад үргэлж харагддаг. Мөн Зэвсэгт хүчнээ сурталчилж гаднын орны цэргүүдэд урлаг соёлын тоглолт, монгол үндэснийхээ зан заншлаа танилцуулж, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолтууд сонирхуулдаг. Мэргэжлийн ур чадвар өндөртэй удирдлага, хамт олонтой мөр зэрэгцэн алба хааж байгаадаа бахархалтай байна.
Миний хувьд оролцсон сургалт, дадлага олон ч яг ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх тийм амар ажил биш гэдгийг ойлгож мэдэрч, их ч зүйл сурч байна. Хамгийн чухал нь олон орны цэргийн алба хаагчидтай хамтарч үүрэг гүйцэтгэснээр харилцан бие биеэсээ суралцаж, маш их туршлага хуримтлуулж байгаа явдал. Мөн цэргийн алба хаагчдад эдийн засгийн хувьд том хөрөнгө оруулалт болдог. Эмэгтэй хүний хувьд орон нутгийн иргэдийн аж, амьдрал их анхаарал татаж өрөвдөх сэтгэл төрсөн. Хүний нутагт үүрэг гүйцэтгэж байх үед Монгол Улсынхаа иргэн болж ийм сайхан оронд амьдарч, аж төрж байгаадаа баярлаж, эх орноороо өөрийн эрхгүй бахархаж байна даа. Даян дэлхийн энх тайваны төлөө зүтгэж байгаа нийт энхийг сахиулагч нартаа баярын мэнд хүргэе.
"Соёмбо" сонин Дэд хурандаа Х.ГАНЗУЛ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.