Сэтгэгдэл 0
- Хий, шар, бадган гэж юу вэ?
- Хий, шар, бадган нь хүний биед бодитоор оршдог бөгөөд таван махбодын мөн чанарыг агуулдаг. Үүнд: хий нь хий, шар нь гал, бадган нь ус, шороо махбодын мөн чанарыг агуулдаг юм. Хий, шар, бадган нь бас өөрийн мөн чанарыг тодорхойлогч бэлгэ чанаруудтай. Тодруулбал, хий нь зургаан бэлгэ чанартай бол шар, бадган нь тус бүр долоон бэлгэ чанарыг агуулдаг. Эдгээр бэлгэ чанар нь дүрээ хувиргалгүй харилцан тэнцвэртэй оршиж байж хүн эрүүл байна. Хэрвээ дүр байдал хувирч тэнцвэрээ алдвал бие, сэтгэлийн өвчлөл үүсдэг. Ингэж хий, шар, бадганы өөрчлөлтөөс шалтгаалан хүний бие, сэтгэл өвчилдөг учраас хорлогч буюу гэм гэж нэрлэдэг. Тэгэхээр гурван гэм буюу хий, шар, бадган нь нэг талаараа гэмтээгч хүчин зүйл болдог байх нь.
-Юуг гэмтээх үү?
-Хүний цус, мах, булчинлаг хэсэг, өөх, яс, чөмөг, дусал буюу долоон тамирыг гэмтээнэ.
-Тэгвэл хий, шар, бадганы өвөрчлөл гэж юу вэ?
- Өвөрчлөл гэдэг нь тухайн хүнд хий, шар, бадганы аль нэг илүү эсвэл дутуу тогтсон төрөлх чанар гэж ойлгож болно. Энэхүү төрөлх чанар нь эхийн хэвлийд анх үр тогтсон үеэс эхлээд төрөх хүртэл алгуур бүрэлддэг. Энэ нь ээжийн сэтгэл санааны байдал, явдал мөр, идээ ундтай холбоотойгоор тогтдог чанар. Тэгээд хүүхэд төрөхөд хий, шар, бадган, хий-шар, хий-бадган, шар-бадган хавсарсан, эсвэл гурвуул тэнцвэртэй хурсан долоон өвөрчлөлийн нэг нь хэдийнэ бий болж, тогтсон байна. Тэрхүү өвөрчлөл нь насан туршид нь өөрчлөгдөхгүй хадгалагдаж үлддэг.
Өвөрчлөл нь өвчлөлийн байдалтай ихээхэн уялдаа холбоотой. Жишээ нь хийн өвөрчлөлтэй хүн хийн өвчнөөр өвдөх, хийн улиралд, хийн цагаар илүү хямрах магадлалтай байдаг. Гэхдээ хийн өвөрчлөлтэй хүн зөвхөн хийн өвчнөөр өвчилнө гэж бодож болохгүй. Хийн өвөрчлөлтэй хүн бадганы, шарын, бадганы өвөрчлөлтэй хүн хийн, шарын гэхчилэн аль алинаар нь өвчлөх эрсдэлтэй. Гагцхүү шарын өвөрчлөлтэй хүн шарын мөн чанартай халуун өвчнөөр өвчилбөл илүү хүнд, хурц хэлбэртэй тусдаг, бадганы өвчнөөр өвдвөл эмчлэхэд арай хялбар байдаг зэрэг махбодын мөн чанараас хамааралтай зүйлүүд бий.
-Тийм байх нь ээ. Өвөрчлөл өөр юуг “хэлж” болох вэ?
-Хийн өвөрчлөлтэй хүн бие жижиг туранхай, царайны өнгө хөхөлбөр, юмыг цээжлэхдээ хурдан ч мартах нь амархан, зүрхний өвчин, даралт ихсэх,толгой өвдөх, нойргүйдэх гэх мэт өвчнөөр өвдөх магадлалтай. Тэгвэл шарын өвөрчлөлтэй хүн биеийн овор хэмжээ дунд, хөлрөмтгий, оюун ухааны өндөр чадамжтай, элэг, цөс, нарийн гэдэс, нүдний гэх мэт өвчнөөр өвдөх магадлалтай. Хий, шарын өвөрчлөлтэй галын илч ихтэй хүмүүс хөнгөн хөлбөрөнхий чанараар нэг их таргалаад байдаггүй. Гэтэл бадганы өвөрчлөлтэй хүн жаахан идэх төдийд л таргалчих гээд байдаг. Тиймээс бадганы өвөрчлөлтэй хүн аль болох хөдөлгөөнтэй, сэргэг соргог байх ёстой. Хий, шарын өвөрчлөлтэй хүн хөнгөн хурц чанараараа аливаа зүйлийг маш хурдан хүлээж авч ойлгож, тогтоодог бол бадганы өвөрчлөлтэй хүн идэвхтэй байхгүй бол бүр л мунхуураад, таргалаад байна. Иймээс дасгал хөдөлгөөн тогтмол хийхгүй бол таргалалт өвчинд өртөх өндөр эрсдэлтэй. Энд нэмэхэд бадганы өвөрчлөлтэй хүн цайвар царайтай, удаан хөдөлгөөнтэй, ой тогтоолт удаан ч хадгалах чанар нь удаан гэх мэт төрөлх чанартай.
-Ямар өвөрчлөлтэй хүүхэдтэй болмоор байгаагаа зохицуулж болох хэрэг үү?
-Дангаараа байгаа өвөрчлөлүүд өвчинд өртөмтгий байх нь давамгай байдаг. Тэгэхээр хий-шар, хий-бадган, бадган-шар гэж хавсарсан байвал зүгээр. Харин хий, шар, бадган тэнцүү хэмжээтэй хурсан байвал хамгийн сайн өвөрчлөл гэж үздэг.
Хийн хөнгөн чанар, бадганы уужуу, батлаг чанар, шарын хурц, бүтээлч чанар гэдэг ч юм уу хий, шар, бадганы мөн чанарууд хувь тэнцүү өвөрчлөлтэй бол амьдралд ахуй болоод тавилан ч их сайн байна. Өвчлөлийн хувьд ч тэсвэр тэвчээртэй харьцангуй эрүүл хүн төрнө гэсэн үг. Иймээс эх хүн хүүхдээ хэвлийдээ тээж байхдаа энэрэнгүй зөөлөн, уур уцааргүй, хүсэл шунал багатай, аль болох гэгээлэг, зөв зүйлийг санаж, сэдэж, уужуу, тайван ухаантай байх хэрэгтэй. Ээжийн сэтгэл санааны байдал болоод хоол тэжээл нь хэвлий дэх хүүхдэд маш чухал нөлөөтэй. Дан бадганыг үүсгэх усан махбодтой хүнд чанарын хоол идэх, эсвэл халуун исгэлэн идээ ундыг хэтрүүлэх, хоолоо хорих нь маш муу. Тиймээс жирэмсний хугацаанд хоол унд, сэтгэл санаагаа ихэд анхаарах хэрэгтэй. Тэгж байж хий, шар, бадганы хувь тэнцүү хурсан өвөрчлөлтэй хүүхэд төрүүлэх боломжтой.
-Нялх хүүхдийг сүүлний тосоор тосолж, иллэг хийж, ясны шөлөнд оруулдаг. Нас ахихаар ч бас ингэх ёстой юу?
-Яг тийм. Уламжлалт анагаах ухаанд хөгшид болон нялхас гэж ярьдаг шүү. Хий махбодыг тэнцвэржүүлэх эм, эмчилгээ нь урт наслуулж, хөгшрөлтийг удаашруулах арга болчхоод байгаа юм. Хүний биеийн доод хэсэг буюу сүүж, бэлхүүсний орчим, хүйсээс дооших хэсгийг хийн орон гэдэг. Зүрх судас, яс, чих, мэдрэлийн тогтолцоо, арьс хүрэлцэхүй, олгой, амин судал гэх мэт эрхтнүүдийг хий гэдэг ойлголтод хамруулж үзэж болно. Хийн өвчнүүд гэхээр ядаргаа, зүрх судасны эмгэгүүд байх жишээтэй. Ийм үед төөнүүр эмчилгээ хийнэ. Шар тос хэрэглэнэ. Бас хонины махтай шөл, таван цулын шөл, саримстай хар шөл, битүү шөл, банштай шөл уух нь хийг дардаг. Ингэснээр ядаргаа тайлж, хийг тэнцвэржүүлж, хөгшрөлтийг удаашруулах нөлөөтэй.
-Удахгүй өвөл боллоо. Энэ улиралд яаж идээ ундаа тохируулах ёстой вэ?
-Өвлийн улиралд хүний хоол шингээх чадал нь маш сайн байдаг учраас шим, тэжээлтэй хоолыг цадталаа идэж болно. Харин хаврын улиралд галын илч буурч ходоод, гэдэсний бадган салс ихсэж хоол шингээх чадвар багасдаг учир бүлээн, хөнгөн чанарын зүйл идэж, уух хэрэгтэй. Зун бол шингэц сайтай хөнгөн, бүлээн, тослог хоол ундыг хэтрүүлэлгүй хэрэглэнэ. Намар халууны улирал учир хөнгөн, сэрүүн хоолыг бага багаар иднэ.
-Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.