УНТЭ-ийн Урологи-андрологийн төвийн хүсэлтээр IVU Олон Улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн Michael Metro эмчээр удирдуулсан баг Монгол Улсад ирж, шээдэг сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг 25 өвчтөнд, давсагны хорт хавдрыг авах мэс заслыг хоёр өвчтөнд хийлээ.
Олон улсын эмч нараас бүрдсэн энэхүү баг Монголд 2006 оноос хойш ирж ажиллаж байгаа бөгөөд УНТЭ-ийн өвчтөнүүдэд мэс засал хийхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийг сургах тал дээр хамтран ажиллаж байгаа юм.
УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал IVU Олон Улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн эмч нарын багийнхантай энэ сарын 21-нд уулзаж, өндөр өртөгтэй мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийж, олон хүнд тус болсон сайхан сэтгэлд нь талархал илэрхийлээд эмнэлэг болон нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцлаа.
Тэрбээр “УНТЭ-ийн Урологи-андрологийн төвд АНУ-ын сайн дурын байгууллагаас эмч, мэргэжилтнүүд ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс заслын шинэ арга технологийг зааж, сургах үйл ажиллагааг Олон улсын сайн дурын урологийн нийгэмлэг зохион байгуулдаг. Эмч нарын баг манай эмнэлэгт долоо хоног ажиллахдаа нийт 28 өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийсэн. Тэд манай эмч нарын чадавхи сайжирч, багаж, тоног төхөөрөмжийн хангамж, мэс заслын өрөө ч шинэ түвшинд хүрснийг хэлж байсан. Цаашид бид эмч, мэргэжилтнүүдээ сургах, шинэ технологийг нэвтрүүлж, олон иргэнд тусламж, үйлчилгээг үзүүлэх тал дээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм.
Олон улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн эмч нарын багийн ахлагч Michael Metro-той уулзахад “Сүүлийн зургаан жилд нийт дөрвөн удаа Монгол Улсад ажиллалаа. Ирэх болгондоо өөр өөр чиглэлээр мэргэшсэн багийг авчирч эмчилгээ, мэс заслыг хийдэг. Энэ удаад бид тавуулаа ирсэн. Ирэх бүртээ УНТЭ-ийн мэс заслын эмч нарын ур чадвар нэмэгдэж байгааг харж байна. Монгол эмч нар эмчилгээний арга, техникийг сурах хүсэл эрмэлзлэлтэй, сурснаа хэрэгжүүлж, тухайн мэс заслыг нутагшуулаад явж байгаад нь баяртай байдаг. Энэ удаа ирсэн эмч нарын хувьд шээдэг сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр мэргэшсэн бөгөөд 25 өвчтөнд шээдэг сүвний олон дахисан нарийслыг эмчлэх мэс засал хийж, хоёр өвчтөнд давсагны хавдар авах мэс заслыг хийлээ.
Манай IVU буюу олон улсын урологийн сайн дурын эмч нараас бүрдсэн нийгэмлэг бөгөөд шээдэг сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр түлхүү ажилладаг. Энэ төрлийн мэс засал нь олон улсад төдийлөн хийдэггүй учраас бид энэ төрлийн мэс заслын эмчилгээг олон нийтэд түгээх зорилгоор ажиллаж байна. Шээдэг сүвний нарийсал нь эрэгтэйчүүдэд давамгайлан тохиолддог. Авто осолд орох, аарцаг ясны хугарал болох үед шээдэг сүв тасрах эрсдэл маш өндөр. Тухайн үед мэс заслын аргаар холбодог ч сорвижилт үүсэн нарийсч эдгэрдэг” хэмээн ярьж байлаа.
Тэрбээр Монголд ирж ажилласан зургаан жилийн хугацаанд сувилагч нарын ур чадварыг бахддагаа хэлж, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө чин үнэнчээр ажиллаж байгаа сувилагч нарт талархал илэрхийлэв.
Олон улсын эмч нарын багийг урьса УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр “Олон улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн Katerin De Vries эмч анх 2004 онд Монгол Улсад аялж явах үедээ манай эмнэлгийн урологийн салбартай танилцах үеэр сургалт, дэмжлэг хэрэгтэйг олж харан түүнээс хойш буюу 2006 оноос бидэнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хандивлаж эхэлсэн.
Энэ байгууллагынхан манайд чулуу бутлах багаж, шээлгүүрийн дуран, бөөрний дуранг хандивлаж, хамгийн эхлээд шээдэг сүвний төрөлхийн гажиг гэсэн оноштой хүүхдүүдэд мэс засал хийж байлаа. Үүнээс хойш чулууны мэс засал, хавдрын мэс заслыг хийсэн бол сүүлийн жилүүдэд шээдэг сүвний нарийслыг эмчлэх баг манай эмнэлэгт ирж ажлын байрны сургалт хийсний үр дүнд манай эмч нарын чулууны болон хавдрын үед үзүүлэх тусламж, үйлчилгээ орчин үеийн түвшинд хүрсэн хэмээсэн.
Шээдэг сүвний мэс засал нь дахилт ихтэй, гадны улс оронд эмчлүүлвэл 22 мянга орчим ам.долларын зардал шаарддаг. Энэ удаа ирсэн эмч нарын баг шээдэг сүвний мэс заслыг 25 өвчтөнд үнэ төлбөргүй хийсний тав нь хүүхэд байсан. Эдгээр эмч нар тоног төхөөрөмж, багажаа өөрсдөө авчирч, тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэд ирэх онд ч мөн энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр ирнэ гэснийг Д.Баян-Өндр эмч хэлж байлаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.